Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Билгүүн: Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бүх хэрэг, маргаан санамсаргүй байдлаар шүүгчдэд хуваарилагдана

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийт шүүгчийн анхдугаар чуулган өчигдөр зохион байгуулагдсан бөгөөд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн 421 шүүгч биечлэн 58 шүүгч цахимаар оролцсон байна.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ШЕЗ-ийн Тамгын газрын дарга С.Билгүүн “Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр дараах шүүгчдийг сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан.  

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр,
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг

Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдогсод

  • Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, 
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр,
  • Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар

Мөн тус чуулганаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хуулийн дагуу хэлэлцэн баталлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бүх хэрэг, маргаанууд чуулганаар батлагдсан нийтлэг журамд үндэслэгдэн санамсаргүй байдлаар шүүгчдэд хуваарилагдана.

Чуулганы үйл ажиллагаанд дэмжиж оролцсон байгууллага, хүмүүст талархлаа илэрхийлье” гэв.