Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн баян хүн болсон Илон Маск дэд байранд ухарсан Жэф Безосыг элэглэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Америкийн бизнесмэн Илон Маскийн хөрөнгийн хэмжээ $222 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн баян хүн болсныг Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.

Түүний ард Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос $191.6 тэрбумын хөрөнгөөр удаалж байна. Өчигдөр Илон Маск твиттер сүлжээгээр дамжуулан өрсөлдөгч тэрбумтнаа элэглэжээ.

Ингэхдээ тэрбээр Жэф Безос руу “Хоёрдугаар байрын медаль”-ийн зураг илгээсэн байна.

Илон Маск нь цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувь эзэмшигч, гүйцэтгэх захирал юм. Бас сансрын технологийн SpaceX компанийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг. SpaceX компани одоогоор хувьцаагаа зах зээлд зараагүй, хувийн компанийн статустай байгаа.

Энэ он гарсаар Маскийн хөрөнгийн хэмжээ $52 тэрбумаар нэмэгдээд байна. 2020 онд Теслагийн хувьцааны ханш 743 хувиар өссөн бол 2021 он гарсаар 13 хувь өсөөд байгаа.  2021 он Теслагийн хувьд хүнд хэцүү жил болж байгаа ч хувьцаа нь цаашид өсөх магадлал өндөр байна.

Дэлхийн хамгийн баян хүмүүс болох Маск, Безос нар сансрын аялал жуулчлалын нэн шинэ салбарт өрсөлддөг. Энэ оны долдугаар сард Безос өөрийн зохион бүтээсэн хөлгөөр сансрын уудмын захад хүрээд буцсан юм. Харин өнгөрсөн сард SpaceX сансрын жуулчдын анхны багаа дэлхийн тойрог замд гурван хоног аялуулж чаджээ.

 

Эх сурвалж: CNN