Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн эрхэм зорилготой бизнес эрхлэгчид, залуучуудын дунд зарласан “Бизнесийн уралдаан”-ы сонгон шалгаруулалтын дүн гарлаа

A.Жаргал
2021 оны 10 сарын 8
iKon.MN

Европын Холбоо болон БНЧУ-ын Гадаад Хэргийн Яамны дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд “Бизнесийн уралдаан” зарлагдаж, үр дүнгээ гаргалаа. Энэхүү уралдааны зорилго нь орон нутгийн нийгмийн эрхэм зорилготой энтрепренеруудыг дэмжин, орон нутгийн залуучуудад ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршиж буй юм.

Бизнесийн уралдааны эхний шатанд төслийн зорилтод газрууд болох Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудын залуучууд, нийгмийн эрхэм зорилготой бизнес эрхлэгчид, энтрепренеруудээс орон нутагт хэрэгжүүлэх бизнесийн 51 саналыг хүлээж авсан юм. Хөндлөнгийн мэргэжилтнүүдийг багтаасан үнэлгээний комисс оролцогчдын ирүүлсэн төслийн саналуудыг уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын дагуу үнэлж, 10 оролцогчийн саналыг шалгаруулаа.

 

“Европын Холбоо нь залуучуудын хөгжлийг ихэд дэмждэг. Ялангуяа энэ тааварлашгүй цаг үед ажлын байр нэмэгдүүлэх залуучуудын санал санаачлага, старт-ап, жижиг бизнесүүдийг дэмжих нь юу юунаас илүү чухал болоод байна. Өнөөдөр шинийг санаачлагч, бүтээлч олон залуучуудын өөрсдийн орон нутагт өөрчлөлтийг бий болгохоор идэвхтэй ажиллаж байгааг харахад үнэхээр урам зориг төрж байна. Энэхүү бизнесийн уралдаанаар дамжуулан залуучуудын бизнес санаачлагыг практикт хэрэгжүүлэхэд нь дэмжиж байгаад бид баяртай байна хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хадагтай Аксель Никэйз хэллээ.

Шалгарсан 10 оролцогч уралдааны эцсийн шатанд өөрийн төслийн санаагаа танилцуулж 3 шилдэг бизнес төслийн саналыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Суурин Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин Сайдын Яам, Хаан банк, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгч нараас бүрдсэн үнэлгээний комисс шалгарууллаа.

Уралдааны ялагч:

  1. Нэгдүгээр байранд УБ хотод хэрэгжих “Хаягдсан Эрдэнэс” төсөл 16,500,000 төгрөг
  2. Хоёрдугаар байр Дорноговь аймаг дахь “Хүнсээ бордоо болгоё” төсөл 14,850,000 төгрөг
  3. Гуравдугаар байр УБ хот дахь  “Хур шим” төсөл 13,200,000 төгрөгийн санхүүжилтийг тус тус хүртлээ.

Шилдэг 3 төслийг уг төслийн амьдрах чадвар, тогтвортой хэрэгжих чадамж, зорилтод аймгууд болон Улаанбаатар хотод залуучуудад ажлын байр бий болгох зэрэг шалгууруудыг харгалзаж сонгосон юм. Бизнес уралдаанд түрүүлсэн оролцогч 2021 он дуустал санаачилсан төслөө  авсан санхүүжилтийн хүрээндээ хэрэгжүүлэх бөгөөд төслийн баг төслийн хэрэгжилтийг хянаж ажиллана.

 

Төслийн талаар:

Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийг Монголын Залуучуудын Эвсэл болон Иргэний Боловсролын Төвтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын чадавхийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн, судалгаа, нөлөөлөл хийх замаар Монгол улсын засаглал, хөгжлийн явцад хувь нэмэр оруулах чадвартай залуучуудын иргэний нийгмийг бэхжүүлэхэд оршино.