Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цогтсайхан: Монгол Улсын хүн амын 87% шаардлага хангасан ундны усаар, 69% нь ариун цэврийн байгууламжийн суурь нөхцөлөөр хангагдлаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар” үүсч, хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй. 

Энэ өдрийг тохиолдуулан "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс өнөөдөр цахим хуал зохион байгуулж, өмнөх ажлаа дүгнэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар саналаа солилцсон юм. 

Монгол Улс бусад улс орны жишгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрхэлдэг ААН байгууллагын зүй ёсны монопол үйл ажиллагааг зохицуулах зорилгоор хот суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийг 2011 онд шинэчлэн баталсан. Энэ хүрээнд байгуулагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл” өнөөдрийг хүртэл тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хурлын үеэр хэлэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлүүлэн тэрбээр "Зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын болон үнэ, тарифыг хянан баталгаажуулах үйлчилгээний хураамж, сургалт сурталчилгаа, мэдээллийн орлого зэргээс санхүүжих бөгөөд тухайн жилийн үйл ажиллагааны төсвөө Засгийн газраар батлуулж, гүйцэтгэлээ тайлагнадаг. Цаашид ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үр шимийг дээшлүүлэн, найдвартай үйлчилгээ, шинэ боломж, сонголтуудыг бий болгож, ард иргэдийнхээ тав тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулан ажиллах сайхан жилүүд биднийг угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэв.

"Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 362 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүсчихсэн яваа"

БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан "Салбарын хувьд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж эхэлсэн, ашиглалтад оруулсан амжилтаар 90 жилийн ойн баяраа угтаж байгаадаа баяртай байна. Жишээлбэл, Монгол Улсад анх удаа гадаргын усыг цэвэрлэн унд, ахуйн зориулалтаар ашиглах “Тайшир-Алтай” ус хангамжийн төсөл, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх “Баруун эх үүсвэр”-ийн төсөл, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин цэвэрлэж, дулааны станцад дахин ашиглах төсөл, мөн аймгийн төвүүдэд орчин үеийн технологийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслүүд байгаа.

Мөн “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын нийт хүн амын 87 хувь нь шаардлага хангасан ундны усаар, 69 хувь нь  шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь нөхцөлөөр хангагдаад байна. 

Инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийг ажилд 2021 онд 105 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Манай салбарын хувьд цаашид мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, шинээр хүлээн авах зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжилтэй боловсон хүчин хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж байна.

Хоёрдугаарт, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ хүргэхийн тулд хөрөнгийн менежмент, үнэ тарифын зохицуулалт хийх, хуримтлагдсан алдагдлын өсөлтийг зогсоох зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 362 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүсчихсэн яваа.

Гуравдугаарт, салбарын мэдээллийн сан үүсгэж техникийн бодлого, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа тул хамтран ажиллахыг хүсье" гэв.