Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн аялал жуулчлалын “улаан жагсаалт”-аас хасагдсан орнуудын тоонд Монгол улс багтжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Цар тахалтай холбоотойгоор Их Британийн засгийн газар аялал жуулчлалын “улаан жагсаалт” гаргаж байв. Уг жагсаалтад багтсан орнуудаас буцаж ирсэн Их Британийн иргэд өөрийн зардлаар 10 хоног тусгаарлагдах журамтай юм.

Тэгвэл Пүрэв гарагт тус улсын засгийн газар “улаан жагсаалт”-д байсан 54 орноос 47-г нь хасаж, долоог нь үлдээжээ.

Хасагдсан орнуудын тоонд Монгол улс багтсан байна. Ингэснээр Монгол улсаас эх орондоо ирж буй британичууд нэг хүний нийт 2,285 паундын төлбөртэй зочид буудалд 10 хоног тусгаарлагдахгүй болж байна. Хэрвээ тухайн иргэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол энэхүү журам үйлчлэх юм.

Харин вакцинжуулалтад хамрагдаагүй бол заавал 10 хоног тусгаарлагдах журам хэвээр үйлчлэх гэнэ.

Шинэ журам ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэхээр болсон байна.

“Улаан жагсаалт”-д үлдсэн долоон орон нь Панам, Колумби, Венесуэл, Перу, Эквадор, Хайти, Доминиканы Бүгд Найрамдах Улс болжээ.

Үүнээс гадна дэлхийн 37 улсын иргэд Их Британид ирэхдээ хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаар тариулсан гэрчилгээгээ үзүүлээд саадгүй нэвтрэх боломжтой болсон байна.

Харин эдгээр 37 орны тоонд Монгол улс хараахан багтаагүй ажээ.

 

Эх сурвалж: BBC