Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-д “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв” байгууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэргэд дуураймал орчинг бүрдүүлсэн сургалтын төвийг байгууллаа. 

Уг төвийг Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб Олон Улсын Ротари Сангийн 538.6 сая санхүүжилтээр тохижуулсан бөгөөд энэхүү төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.

Тодруулбал, Монголын анхны бүрэн компьютержсэн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв” байгуулах төслийн эхний үе шатны хүрээнд дүрс оношилгооны өрөө, төрөх өрөө, яаралтай тусламжийн өрөө, мэс заслын өрөө гэсэн дөрвөн үндсэн тусламжийн орчинг бүрдүүлж эх барих бусад тусламж, мэс ажилбарыг дэлгэцээр бичлэг хэлбэрээр үзүүлэх сургалтын өрөөг бүрэн тохижуулаад байна.

Харин хоёр дахь шатанд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд АНУ-аас мэргэжилтнүүд авчирч сургалт зохион байгуулж, Монголоос дөрвөн мэргэжилтнийг АНУ-д ур чадварын сургалтын төвүүдээр зочлуулж хоёр долоо хоногийн дадлага сургалтад хамруулах юм.

Энэхүү “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв” нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, сувилагч, хүүхдийн эмч, дадлагажигч эмч, оюутнуудад эх барихын эмнэлзүйн сургалт явуулах, дуураймал орчинг бүрдүүлж төрөх, тусламж, жирэмсний оношилгоо зэрэг төрөх үеийн хүндрэлүүдийг багаар үзүүлэх сургалтуудыг бодит орчинд компьютержсэн тоног төхөөрөмжүүд ашиглан зохион байгуулна.

Цаашид Монгол Улсад сурч боловсорч буй эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, оюутнуудад эх нялхын эрүүл мэндийн чиглэлээр үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсрол олгох зорилго тавин ажиллах юм.

 

Эх сурвалж: АШУҮИС