Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын төрийн суртал нэвтрүүлгийн сувгуудыг YouTube компани хаажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэл гэгддэг “Russia Today” агентлагийн герман хэл дээр цацагддаг хоёр сувгийг өчигдөр YouTube компани худал, хуурамч мэдээлэл түгээдэг гэсэн үндэслэлээр хаажээ.

Тухайлбал RT DE, Der Fehlende Part (DFP) сувгуудыг коронавирусийн цар тахлын талаар худал мэдээлэл тарааж, нийтлэлийн бодлогыг нь зөрчсөн шалтгаанаар устгасан байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр гаргасан мэдэгдэлдээ YouTube компанийг мэдээллийн түрэмгийлэл үйлдэж, улс төрийн цензур тавьж, үг хэлэх эрх чөлөөг хаалаа хэмээн хатуу шүүмжилжээ.

Мөн Германы эрх баригчдыг үүнд оролцсон хэмээн буруутгасан байна.

RT агентлагийн ерөнхий эрхлэгч Маргарита Симонян үүнийг Оросын эсрэг мэдээллийн дайн өдүүлсэн хэрэг гэж үзээд Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, YouTube компанийн эсрэг хариу арга хэмжээ авахыг ОХУ-ын засгийн газарт уриалжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам ч Симонянтай санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

RT DE нь YouTube-ийн News and Politics ангиллын герман хэл дээрх хамгийн том таван видео сувгийн нэгт тооцогддог байв. Наймдугаар сарын байдлаар тус суваг 600,000 гаруй дагагчтай, нийт 547 сая орчим үзэлттэй болоод байжээ.

Сүүлийн үед RT DE сувагтай Германы хэд хэдэн банк харилцахаас татгалзаж, өнгөрсөн сард Люскембург улсын засгийн газар телевизийн лиценз өгөхөөс татгалзсан шийдвэр гаргаж байв.

Германы засгийн газар үүнд ямар нэг хэлбэрээр оролцож, нөлөөлөөгүйг канцлерь Ангела Меркель сүүлд батлан илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today