Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон руу өндөг шиджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон үндэснийхээ хоол хүнсний соёлыг дэмжих, сурталчлах зорилгоор Лион хотод болж буй олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаанд биеэр оролцжээ.

Энэ үеэр нэг иргэн Макрон руу өндөг чулуудсан байна. Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгт шидсэн өндөг Макроны мөрийг оносон ч хагаралгүй газарт унасныг харуулжээ.

Энэ үеэр өндөг шидсэн этгээдийн “Vive la revolution” (Хувьсгал үүрд мөнх) хэмээн хашхирах дуу сонсогдож байв.

Өндөг шидсэний дараа хоёр бие хамгаалагч Макроныг тойрон хүрээлж, өөр хэсэг бие хамгаалагчид шидсэн этгээдийг баривчилжээ. Уг этгээд ямар шалтгааны улмаас ерөнхийлөгчийн биед халдсан талаар албаны мэдээлэл гараагүй байна.

Макрон энэ үеэр “Хэрвээ тэр хүнд надад хэлэх зүйл байсан бол шууд ирээд уулзаж болох байсан” хэмээн ярьсан нь бичигдэж үлдсэн байна.

Энэ оны зургаадугаар сард Макрон зүүн өмнөд Францын жижиг хотод олон нийттэй уулзах үеэр нэг этгээд хацрыг нь алгадаж байв.

Ерөнхийлөгчийг алгадсан этгээд дөрвөн сар хоригдох шийтгэл хүлээсэн байна.

Зургаан сарын дараа Франц улсад ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулагдах юм. Одоо 43 настай Эммануэл Макрон дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлж магадгүй байна.

 

Эх сурвалж: Reuters