Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд, Эрээний боомтод ачаа, барааны бөөгнөрөл үүссэн үү?

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд тодорхой боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд буй.

Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа бөгөөд сүүлд ирүүлж буй мэдээллээр, тус боомтын ачаа, барааны эргэлт хэвийн байгаа гэдгийг мэдэгдэж буй.

Гэвч бодит нөхцөл байдал дээр ачаа, барааны эргэлт удаашралтай байгаа тухай иргэд манай редакцад хандсан юм.

"Эрээнд ирсэн ачаа, бараа маань хилээр орж ирэлгүй 14 хонолоо"

Иргэн Э.Баатар хэлэхдээ “Замын-Үүд боомтын зөвлөлөөс ачаа бараанд ямар ч дараалал, бөөгнөрөл үүсгээгүй мэтээр мэдээлж байна. Гэвч бодит нөхцөл байдал өөр байна.

Манай компанийн бараа гэхэд л Эрээн-Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаа руу 14 хоногийн өмнө орсон ч одоо болтол хилээр орж ирээгүй байна.

Миний хувьд, бараа маань Эрээнд ирсэн гэх мэдээллийн дагуу 12 хоногийн өмнө Замын-Үүдэд ирсэн.

Тодруулбал, Замын-Үүд суманд Улаанбаатараас ирсэн хүмүүсээс PCR шинжилгээ аваад 7 хоног тусгаарлаж байгаа бөгөөд би есдүгээр сарын 16-нд ирээд 23-ны өдөр тусгаарлалтаас гарсан. Гэвч бараа маань одоо хүртэл хилээр орж ирээгүй байна.

Албаны хүмүүс өдөрт 130-160 гаруй машин хилээр орж, гарч байгаа гэж мэдээлж байгаа боловч бодит байдал дээр 27-58 орчим л байгаа юм.

Мөн Замын-Үүдийн ачаа тээврийн асуудлыг хариуцаж ажиллахаар томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид нь энд байхгүй байна.

Монгол компаниудын ачаа Эрээнд овоорчихсон байхад нөхцөл байдал хэвийн байна гэж мэдээлээд байгааг ойлгохгүй байна.

Гол нь ийм байдалд иргэдийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байна. Зөвхөн манай компанийн хувьд л гэхэд, Эрээний хашааны төлбөрт өдөрт 420,000 төгрөг төлж байгаа. Бид одоогоор тэр хашаанд хүлээлгийн байдалтай байгаа ачаа барааны төлбөрийн 5.8 сая төгрөгийн өрөнд ороод байна. Дахиад хэд хонож, хэчнээн төгрөгийн төлбөрт унахыг мэдэхгүй.

Хятадын тал санаатайгаар ингэж удааж, авах төлбөрөө нэмэгдүүлээд байгаа юу эсвэл манай талын албаны хүмүүс бүх зүйл хэвийн байгаа мэтээр худал мэдээлэл өгөөд байна уу гэдгийг тодруулж өгөөч” хэмээн ярив.

Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б.Отгонсүхтэй холбогдож тайлбар авлаа.

"Замын-Үүд, Эрээний боомтод ачаа бараа овоороогүй"

Тэрбээр “Цаг тухайд нь бид мэдээллийг бодитоор өгч байгаа. Өдөрт хилээр 50 орчим машин орж ирж байна гэдэг нь ташаа ойлголт гэдгийг хэлье. 

Тодруулбал, Замын-Үүд боомтоор өдөрт 160-180 машин орж ирж байна. Энэ нь цар тахал гараагүй үетэй адил хэмжээнийх бөгөөд Замын-Үүд дэх ачаа барааны татан авалт энгийн горимдоо шилжсэн гэж хэлж болохоор үзүүлэлт.

Дээрээс нь бид вагоноор ачаа бараа татан авалт хийж байна. Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд өргөн царигаар 887 вагон ачаа барааг хилээр нэвтрүүлсэн бол есдүгээр сар гарснаас хойш яг өнөөдрийн байдлаар 700 гаруй вагон ачаа барааг нэвтрүүлээд байгааг хэлье.

Түүнээс гадна, Замын-Үүд, Эрээний боомтод ачаа бараа овоорсон зүйлгүй. Эдийн засгийн эргэлтэд орж байгаа боомт нь огт бараагүй байх боломжгүй. Боомтын бараа эргэлтэд 500-700 чингэлэг ачаа бараа байнгын л байдаг. Эдийн засгийн эргэлттэй боомт буюу ачаа бараа байнга орж, гарч байгаа боомт тэр хэрээрээ ажиллаж байх ёстой. Түүнээс биш ганц, нэг эсвэл огт бараагүй эдийн засгийн эргэлттэй боомт гэж юу байх вэ.

Тиймээс Эрээн, Замын-Үүд дэх ачаа бараа овоороогүй, хэвийн хэмжээндээ байгаа гэж ойлгож болно. 

Ачаа бараатай холбоотой асуудал ганц Замын-Үүд, Эрээнд үүсээд байгаа юм биш. Цар тахлын улмаас олон улсын ачаа тээвэр тэр чигтээ хүнд нөхцөлд байгаа гэдгийг иргэд маань ойлгохыг хүсье.

Мөн Замын-Үүд боомтын асуудлыг хариуцсан хүмүүс бүгд эндээ ажиллаж байна” гэсэн тайлбар өглөө.