Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Лам гөрөөснөөс гаргаж авсан эсрэг биетээр Covid-19 өвчнийг эмчлэх аргыг нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Халдварт өвчнөөс хамгаалахын тулд лам гөрөөс, тэмээ зэрэг амьтдын биед хүчтэй эсрэг биетүүд үүсдэг байгалийн зохилдолгоо байдаг.

Уг эсрэг биетийг эрдэмтэд лабораторид сайжруулан өөрчилснөө “нано биетүүд” (nano bodies) хэмээн нэрлэсэн бөгөөд эхний туршилтаар Covid-19 өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Хэрвээ хүн дээр хийх туршилт амжилттай болвол коронавирусийн халдвараас хамгаалах, нэгэнт халдвар авсан бол эмчлэх зорилгоор хамарны цацлага хэлбэртэй ашиглаж болохыг эрдэмтэд мэдээлжээ.

 

Уг төслийг ахалж ажилласан Их Британийн Оксфордшир дахь Розалинд Фрэнклиний Хүрээлэнгийн профессор Жэймс Нэйсмит нано биетүүдийг “гайхамшигтай зүйл” гэж магтсан байна.

Түүний ахалсан багийн судлаачид коронавирусийн халдвар авсан мэрэгч амьтдын хамарт уг цацлагыг ашиглахад зургаан өдрийн дотор бүрэн эдгэрсэн гэнэ.

Английн Нийтийн Эрүүл Мэндийн газар тэдний гаргаж авсан нано биетүүдийг одоогоор Covid-19 өвчний эсрэг хамгийн өндөр үр дүнтэй туршигдсан эмчилгээний арга гэж дүгнэжээ.

Хүний биед үүсдэг эсрэг биетүүд мөн адил гадны вирусийн халдвараас хамгаалдаг ч лам гөрөөснийх онцгой хүчтэй байдаг гэнэ.

Манчестерийн Их сургуулийн дархлаа судлаач, профессор Шена Круйкшанк эмчилгээний шинэ арга найдвар төрүүлж байгаа ч хүн дээр туршихаасаа өмнө аюулгүй байдлыг нь илүү өргөн хүрээнд шалгаж нягтлах шаардлагатайг онцолжээ.

Шинэ эмчилгээний аргын талаар дэлгэрэнгүй тайлан Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн юм. “Дэлхий нийтээрээ ижил хурдаар вакцинжуулалтад хамрагдах боломжгүй. Вирус мутацлагдаж, вакцинаар үүсэх дархлааг нэвтлэх эрсдэл байнга байх болно. Энэ тохиолдолд вакцинаас өөр эмчлэх арга нээх нь маш чухал юм” гэж профессор Нэйсмит ярьжээ.

 

Эх сурвалж: BBC