Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Германы нэг хотын дарга SUV автомашины зогсоолын төлбөрийг 6 дахин өсгөх санаачилга гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Тюбинген хотын дарга Борис Палмер

Германы өмнөд бүсийн Тюбинген хотын дарга хотоо том оврын автомашинаас салгахын тулд зогсоолын төлбөрийг нь зургаа дахин өсгөх төлөвлөгөө боловсруулжээ.

Хотын дарга, Ногоон намын гишүүн Борис Палмерын санаачилга эхний дэмжлэгээ аваад байгаа гэнэ. Төлөвлөгөө ёсоор SUV төрлийн автомашинаас авах зогсоолын жилийн хураамжийг одоогийн 30 еврогоос 180 евро болгон өсгөх юм.

Тэрбээр эхлээд 360 евро болгож өсгөх санаа гаргасан ч хотын удирдлагуудаас хангалттай дэмжлэг аваагүй тул 180 евро дээр тогтжээ.

1,800 кг-аас дээш жин бүхий дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинууд болон 2,000 кг-аас дээш жинтэй цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын зогсоолын хураамжийг ингэж нэмэх гэнэ.

Өөрөөр хэлбэл хот дотор SUV ангиллын автомашин унахыг хязгаарлах бодлого барьж байна.

“Хотын зориулалттай жижиг автомашин болон том SUV ангиллын автомашины хооронд ашиглалтын зардлын том ялгаа заавал байх ёстой. Үнэндээ хот дотор тийм том автомашин унах шаардлага байхгүй” гэж Тюбинген хотын даргаар сүүлийн 14 жилийн турш ажиллаж байгаа Палмер хэвлэлд ярьжээ.

Германы хотууд 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг болгох зорилго тавьж, Палмерын санаачилгатай төстэй олон төрлийн арга хэмжээнүүдийг авч байгаа. Тюбингэн хотын захиргаа авто зогсоолын төлбөрөөс олох нэмэгдэл орлогыг нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Палмерын саналыг хотын зөвлөл энэ сарын сүүлээр хэлэлцээд эцэслэн батлах юм. Зөвлөлийн ихэнх гишүүд саналыг дэмжиж байгаа тул батлагдах магадлалт өндөр байна.

 

Эх сурвалж: The Guardian