Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын Улс бүлэглэлийн салбар Афганистанд зэвсэгт халдлагаа эрчимжүүлж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Исламын Улс бүлэглэлийн салбар байгууллага Афганистаны зүүн хязгаарт хэд хэдэн удаа зам дагуу бөмбөг дэлбэлж, нийт найман хүний амийг хөнөөсний дотор Талибаны дайчид байжээ.

Даваа гарагт бүс нутгийн төв Жалалабад хотод дахин гурван удаа бөмбөг дэлбэлэхэд Талибаны тал нэмж хохирол амссан байна.

Эндээс харвал Исламын Улс бүлэглэлийн Хорасан гэгддэг (ISIS-K) салбар Афганистаны шинэ эзэд болох Талибаны дэглэмийн эсрэг зэвсэгт халдлагаа эрчимжүүлэх төлөвтэй болжээ.

Афганистаны төрийн эрхийг аваад удаагүй байгаа Талибанчууд улс орноо дэлхийн терроризмийн бааз болгохгүй гэсэн амлалтыг олон улсын хамтын нийгэмлэгт өгсөн юм.

Гэвч Исламын Улс болон Талибаны хооронд удаан үргэлжлэх дайн дөнгөж эхэлж байж магадгүйг шинжээчид хэлж байна. Эдийн засаг нь сульдаж доройтсон, өлсгөлөн, ядуурал нэмэгдэж, хүн амын боловсролтой хэсэг нь дүрвэсэн Афганистаныг хөл дээр нь босгох хэцүү даалгавар Талибанчуудад бас тулгараад байгаа.

АНУ-ын цэрэг Афганистанд байрлаж байх үед тус улс дахь Исламын Улс бүлэглэлийн хүч нөлөө нэлээд сулраад байсан бол одоо дахин сэргэж эхэлжээ.

Одоохондоо тэд Афганистаны дотоод дахь үйл ажиллагаандаа анхаарч байгаа бол цаашдаа гадаад орнууд руу чиглэх боломжтой юм.

Талибан, Исламын Улс хоёр адилхан Исламын шашны суннит урсгалыг дагагчид, АНУ тэргүүтэй өрнөдийнхний эсрэг үзэл сурталтай боловч зорилгын хувьд өөр өөр. Талибанчууд Афганистанд засаглалаа тогтоох зорилготой. Харин Исламын Улс нь Афганистаныг Ойрх Дорнод даяар байгуулах халифт улсынхаа нэг хэсэг болгох зорилготой.

Тус бүлэглэлийн Хорасан салбар нь голдуу Пакистан гаралтай гишүүдээс бүрддэг, Афганистан-Пакистаны хил дагуу үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Одоогоор Талибанчууд хүн хүчний хувьд Исламын Улсын Хорасан салбараас үлэмж давуу байгаа.

Гэхдээ тэд Талибан хөдөлгөөний дотроос шашны хатуу чиг баримжаатай хэсгийг өөртөө урвуулах ажиллагаа явуулдаг. Бас АНУ-ын цэрэг гарсантай холбоотойгоор Ойрх Дорнодоос гадаадын террористуудыг Афганистанд цуглуулах магадлалтай байгаа юм. Үүнээс гадна Афганистаны эдийн засгийн байдал сайжралгүй удвал Талибаны засаглалд итгэх олон нийтийн итгэл суларч, Исламын Улс бүлэглэлийн нөлөө нэмэгдэх аюултайг шинжээчид анхааруулж байна.

 

Эх сурвалж: Associated Press