Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн боксын од Мэнни Пакьяо ирэх оны Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн боксын од Мэнни Пакьяо ирэх онд болох Филиппин улсын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатанд өрсөлдөхөөр болсон байна. Эрх баригч PDP-Laban намын нэг фракц боксчны нэрийг дэвшүүлэх болсноо өчигдөр зарлажээ.

42 настай Пакьяо одоо Филиппиний парламентын гишүүнээр ажилладаг.

Филиппин улсын одоогийн ерөнхийлөгч Родриго Дутерте сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсон ч дэд ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөөр өөр нэг фракцаас нэрээ дэвшүүлжээ.

Тус фракцаас Дутертегийн охин Сара Дутерте-Карпио эцгийнхээ суудлыг залгамжлахаар нэр дэвших өндөр магадлалтай байна.

Мэнни Пакьяо боксын найман жингийн дөрөвт нь дэлхийн аваргын цол хүртсэн өвөрмөц амжилтын эзэн юм.

Хамгийн сүүлд тэр Кубын тамирчинд ялагдсаныхаа дараа зодог тайлах талаар бодож байгаагаа ярьж байв.

Эрх баригч намын сунгаанд нэр дэвшсэнийхээ дараа Пакьяо “Би бол дайчин. Дэвжээний дотор, гадна хаана ч байсан би үргэлж дайчин хэвээр байх болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр ерөнхийлөгч болвол ядуурлыг бууруулж, авлигалтай тэмцэх зорилготойгоо энэ үеэр хэлсэн байна.

Хэдийгээр Пакьяогийн боксчны нэр хүнд Филиппинд маш өндөр боловч сүүлийн үеийн санал асуулгуудад Сара Дутерте-Карпио байнга тэргүүлж байгаа.

Эрх баригч PDP-Laban намын фракцуудын нэр дэвшигчдийн хэн нь 2022 оны сонгуульд өрсөлдөхийг Филиппиний сонгуулийн төв хороо эцэслэн шийдэх юм.

 

Эх сурвалж: BBC