Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрх баригч нам парламентын сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д гурван өдөр үргэлжилсэн парламентын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр эрх баригч Нэгдсэн Орос нам ялалт байгуулсан нь тодорхой болжээ.

Нийт саналын хуудасны 13 орчим хувийг тоолсны дараах байдлаар Нэгдсэн Орос нам 40 гаруй хувийн санал авах төлөвтэй байгааг Оросын сонгуулийн төв хороо Ням гарагт мэдээлсэн байна.

Бусад эх сурвалжууд ч Нэгдсэн Орос намыг 45 орчим хувийн санал авна гэж тооцоолжээ. Гэхдээ энэ нь 2016 оны парламентын сонгуулийн үр дүнтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

Тухайн үед Нэгдсэн Орос нам 54 гаруй хувийн санал авч байжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын иргэдийн амьдрах орчин нөхцөл муудсан, сөрөг хүчний улстөрч Алексей Навальный албан тушаалтнуудын авлигын талаар олон баримт дэлгэсэн зэрэг нь эрх баригч намын саналын тоо буурахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Өөрсдөө сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон Навальныйн талынхан эрх баригчдын эсрэг сонгуулийн шинэ тактик хэрэглэсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэжээ. Энэ тактикийн дагуу тэд иргэдийг эрх баригчдад бус, коммунистуудад саналаа өгөхийг уриалж байв.

Урьдчилсан дүнгээр Оросын Коммунист Нам 24 орчим хувь, Либерал Ардчилсан Нам 9 орчим хувийн санал авсан байна. Гэхдээ энэ хоёр нам ерөнхийдөө Кремлийн бодлогыг дэмждэг.

Нэгдсэн Орос нам одоо Төрийн Думын 450 суудлын дөрөвний гурав орчмыг эзэмшдэг.

Энэ давуу талаа ашиглан тус нам өнгөрсөн онд ОХУ-ын үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгч Владимир Путинд 2024 оноос хойш дахин хоёр удаа сонгогдох боломжийг нээсэн юм.

Ирэх сард нас сүүдэр 69 хүрэх Путин одоогоор 2024 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ мэдэгдээгүй байна.

Оросын иргэдийн зарим хэсэг нь Путинийг Зөвлөлт Холбоот Улсыг задарсны дараа өрнөдийнхний нөлөөнд оролгүй, их гүрний статусыг хадгалж үлдсэн гавьяатай хүн гэж үзэж байна. Харин нөгөө хэсэг нь Оросын эдийн засаг доройтсон, ард иргэдийн амжиргааны түвшин муудсан, авлига хээл хахууль нэмэгдсэнд Путинийг буруутгаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters