Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Номинзул: Манай улс өндөр зэрэглэлийн тамирчдыг эрт илрүүлж, бэлдсэнээр илүү их амжилт гаргана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Аливаа спортын тэмцээнд амжилт гаргахад тухайн тамирчнаас урт хугацааны бэлтгэлээс гадна асах их тэсвэр тэвчээр, хувийн зохион байгуулалт, сэтгэл зүйн бэлэн байдал шаардагддаг.

Тэгвэл "Зориг" сан, "Ninja Wolves" сангийн хамтран хэрэгжүүлдэг тамирчдын өсөлт хөгжил, карьерын төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх зорилготой "Тамирчны манлайлал хөтөлбөр" есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Монголын дээд лигийн түвшинд болон олон улсад эх орноо төлөөлж өрсөлддөг тамирчдын хамрагддаг тус хөтөлбөрийн талаар "Ninja Wolves" спорт сангийн гүйцэтгэх захирал Х.Номинзултай ярилцлаа.

-Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Тамирчны манлайлал хөтөлбөрт нийт хэчнээн тамирчин хамрагдсан талаарх асуултаас ярилцлагаа эхлүүлцгээе.

-Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуус руу чиглэсэн хөтөлбөрөө бид жилийн хугацаанд хоёр удаа зохион байгуулж, нийтдээ 32 тамирчин хамруулаад байна.

Тамирчны манлайлал хөтөлбөр анх 2020 оны арванхоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Нинжа чононууд спорт сангийн санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний удаа бид 15 тамирчин сонгож, хөтөлбөрт оруулж байлаа. Харин энэ жил нийт 17 тамирчныг хамруулаад байна.

-Тус хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх болсон шалтгаан юу байсан бэ. Мөн түүгээр дамжуулж, тамирчдад ямар мэдлэг олгохыг зорьдог вэ?

-Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор маш олон салбар хаягдсан. Үүний нэг нь яах аргагүй спортын салбар юм. Мэдээж үүнд хөрөнгө, санхүүтэй холбоотой зүйлс нөлөөлсөн байх.

Энэ салбарын менежментийн чиглэлээр суралцсан хүний хувьд би, авьяаслаг тамирчдыг бий болгох менежмент манай улсад асар дутагдалтай байгааг олж харсан. Мөн үүнээс үүдсэн асар олон асуудлууд ч бий болж буйг анзаарсан. 

Тиймээс өндөр зэрэглэлийн тамирчдыг хэрхэн нийгэмд илүү үр нөлөөтэй болгох тал дээр 2016 оноос судалгаа хийж, Тамирчны манлайлал хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн юм.

Ингэхдээ манай улсад зохион байгуулагддаг бусад "leadership" хөтөлбөрүүд хэрхэн явагдаж байгаатай уялдсан зохион байгуулалт хийхийг хичээсэн.

Мөн 2018 онд Сөүлийн Үндэсний их сургуулийн магистр Ө.Энхцацрал Монголын 20 тамирчинд зодог тайлсны дараах амьдралын чанарт юу нөлөөлж байгаа талаарх судалгаа явуулахад,

  1. Боловсрол эзэмшил,
  2. Хүртээмжгүй сангийн дэмжлэг,
  3. Санхүүгийн хүндрэл,
  4. Тамирчны карьер төлөвлөөгүй,
  5. Зодог тайлсны дараах зөвлөх үйлчилгээ дутмаг,
  6. Өндөр зэрэглэлийн бэлтгэлээс үүссэн бэртэл зэрэг хүндрэл тулгарч байгаагийн улмаас амьдралын чанар муудаж эхэлсэн гэсэн үр дүн гарсан байдаг.

Тиймээс бид өндөр хөгжилтэй буюу БНХАУ, БНСУ, АНУ, ХБНГУ-ын спортын менежментийн талаарх хууль болон түүний хэрэгжүүлэлттэй холбоотой дэд хөтөлбөрүүдийн цөмийг өөрсдийн хөтөлбөртөө шингээсэн.

Тодруулбал, олон судалгааны үндсэн дээр тамирчдад ямар талын мэдлэг олгож, хэрхэн хөгжүүлбэл, дараагийн жилүүдэд амжилтад нь нөлөөлөхүйц сэтгэл зүйтэй болгох тухай болон нийгэмд зөв үлгэр дуурайлал болохыг тодорхойлж, түүгээрээ Тамирчны манлайлал хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

Манай хөтөлбөр үндсэн болон гурван дэд хэсгээс бүтэх бөгөөд зөвхөн тухайн тамирчны хувь хүний хөгжил рүү чиглэсэн манлайлал, карьерийн төлөвлөлт, цагийн менежментийн хичээлүүдийг багтаасан.

Өндөр зэрэглэлийн тамирчид цагийн менежмент зөв хийж чаддаг болсноор тэнцвэртэй амьдралын хэв маягтай, нийгмийн түүчээлэгч болох бүрэн боломжтой. Тэр ч утгаар хувь хүний манлайллын хөгжлийн хэсэг хөтөлбөрийн гол хэсэг болж буй.

Судалгаагаар өндөр зэрэглэлийн тамирчдын 60 хувь нь дасгалжуулагч болон спортын менежерүүд болдог нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор карьерийн шилжилтийн үеийн сэтгэл зүйн бэлтгэлд анхаарсан зөвлөгөөг өгдөг.

Мөн тамирчин бэртлийн үеийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж, хүнд үеийн даван туулах вэ? гэх асуултыг ч орхигдуулаагүй гэдгийг онцолъё.

Түүнээс гадна, тамирчин бүр нийгмийн оролцоотой байх ёстой. Учир нь тэд нийгэм рүү чиглэсэн дуу хоолой болоход хамгийн чухал нөлөө үзүүлэхүйц хүмүүс гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс Тамирчны манлайлал нь тухайн тамирчны хувь хүн рүү буюу дотогшоо нь чиглэсэн сургалтууд явуулдаг, дараа нь тэдэнд ямар давуу тал, боломжууд байгааг нь таниулж, эргүүлээд нийгэмд хэрхэн сайнаар нөлөөлж болох тухайд чиглэсэн хөгжүүлэлтийн хөтөлбөр гэж ойлгож болно.

-Тамирчны карьер шилжилтийн үед шаардагдах ур чадварыг тодорхойлохгүй юу. Мэдээж нэн түрүүнд хувийн төлөвлөгөө, сэтгэл зүйн бэлэн байдал чухлаар тавигдах байх. Тийм үү?

-Хөтөлбөрийн үндсэн гол хичээл бол тамирчны карьер төлөвлөлтийн талаарх ойлголтыг олгох явдал.

Тамирчид карьерийн эд үе буюу манлайлж явах үедээ ч, зодог тайлсныхаа дараа ч хувийн амьдралын төлөвлөгөөгөө маш сайн тодорхойлсон байх ёстой. Ингэхдээ спортоор хичээллэхээсээ гадна давхар өөр салбарт ажиллах, өөр төрлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх ямар боломжууд байгааг олж нээх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, тамирчин хүн зөвхөн бэлтгэл хийгээд байх бус нийгэмдээ үйлчлэх эсвэл өөрийн сонирхож буй чиглэлээр бизнес хийж хувийн амьдралаа тэнцвэртэй байлгах нь чухал.

Энэ бүгд зөвхөн тухайн хүний хувийн төлөвлөлтөөс хамаарч байдаг учраас бид хөтөлбөрийн турш дээр дурдсанчлан тамирчны карьер төлөвлөлт, цагийн менежмент, хувь хүний манлайллын хичээлийг голлож ордог юм.

Түүнээс гадна, тамирчны хувьд дасгалжуулагч гэдэг хамгийн их нөлөө үзүүлдэг хүн байдаг.  Тиймээс дасгалжуулагчдын хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол өндөр ёс зүй гэдгийг хэлмээр байна.

Учир нь дасгалжуулагч ёс зүйн өндөр мэдрэмжтэй бөгөөд үүнийг философи талаас нь маш сайн ойлгодог байж тамирчиндаа сайнаар нөлөөлж, улмаар нийгэмд эерэг хандлагыг спортоор дамжуулж хүргэж чадна. Эдгээрийг Тамирчны манлайлал хөтөлбөрөөр дамжуулж ойлгуулахыг зорьж байна.

-Олон улс тамирчдын хувийн хөгжилд хэрхэн анхаардаг талаарх туршлагыг жишээ болгон ярихгүй юу. Манай улс мөн үүнд хэрхэн анхаарч, ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бол?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд олон улс спортын тамирчдын нийгмийн асуудалд илүү анхаарч, улс орон бүр тамирчиддаа зориулсан хөгжүүлэлтийн хөтөлбөрийг олноор хэрэгжүүлж байна.

Үүнээс дурдвал, Олон улсын олимпын хороонд "Athlete 365" нэртэй платформ бий. Үүгээр тамирчдыг хэрхэн хувийн бизнесээ эхлүүлэх, хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаарах ёстой талаар яг тамирчин хүний онцлогт тохируулсан онлайн сургалтуудыг олон хэл дээр явуулдаг.

Манай улсад ч тамирчдын хөгжилд анхаарсан хөтөлбөрүүд цөөнгүй бий. Тухайлбал, Монгол Улсын Боловсролын их сургуулийн өндөр зэрэглэлийн тамирчдыг дипломтой болгоход чиглэсэн хөтөлбөр багтдаг нь сайшаалтай хэрэг.

Мөн Үндэсний олимпын хороонд ч "Атлетик менежмент" нэртэй хоёр жилийн хугацаат хөтөлбөр хэрэгжиж буй.

-Тамирчны манлайлал хөтөлбөрт хамруулах тамирчдыг сонгохдоо юуг анхаардаг вэ?

-Бид хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулахдаа хүйсийн тэнцвэртэй харьцаа, хүртээмжтэй байдлыг илүү анхаардаг. Тэр дундаа пара спорт, тусгай олимпын тамирчдыг бүр заавал оролцуулдаг.

Өнгөрсөн жилийн хувьд, манай хөтөлбөрт оролцсон тамирчдын 60 хувь нь Үндэсний шигшээ багийн тамирчид байснаас хоёр нь олимпод оролцсон тамирчин байсан.

Харин энэ жил нийт оролцогчдын гурав нь олимпын тамирчин, ес нь дэлхийн аваргад оролцож байсан бол үлдсэн нь Ази тивийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчид байлаа. 

Мөн 2020 оны Тамирчны манлайлал хөтөлбөрт найман спортын төрлөөс тамирчдыг оролцуулсан бол энэ онд 12 төрлийн спортоос тамирчдын сонгосон.

Сонирхуулахад, 2024 оны Парисын олимпын төрөлд Break dance нэг төрөл болж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн Break dance-ийн тамирчин ч хамрагдсан гэдгийг хэлэхэд таатай байна.

-Тамирчид зодог тайлсныхаа дараа хувийн амьдралдаа хэрхэн анхаарахыг зөвлөдөг вэ?

-Хөтөлбөрт оролцож буй тамирчдаас олон улсад үр дүнтэй нь батлагдсан хувь хүний зан төлөвийг тодорхойлох тест бөглүүлдэг. Тухайн тестээр хувь хүний давуу болон сул тал, үндсэн зан чанар, хийвэл тохирох ажлууд хүртэл тодорхой болдог учраас түүнд нь тохируулан хичээлээ ордог.

Гэхдээ энэ жилийн хөтөлбөрт оролцсон тамирчдаар тус тестийг бөглүүлэхгүй, төлөвлөлт дээр суурилсан хичээлүүд орсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Цаашид тухайн тестийг хөтөлбөрт оролцох тамирчдаас авч, түүнд нь тохирсон карьер төлөвлөлтийг хичээлүүд оруулаад явах юм.

-Тамирчдын хувийн төлөвлөлтөөс гадна сэтгэл зүйн асуудал чухлаар яригдах болсон сэдэв. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Бид тамирчдаа карьер шилжилтийн үеийн сэтгэл зүйд бэлдэхээс гадна бэртэл гэмтлийн үед ч сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж тэмцээн уралдаанд орох вэ гэдэгт илүү анхаарч сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.

Өнгөрсөн жил сэтгэл түгшилт гэх сэдэв дээр төвлөрч зөвлөгөө өгсөн бол энэ жил “бэртэл гэмтлийн үеийн сэтгэл зүй, карьер шилжилтийн үеийн сэтгэл зүй” гэсэн сэдэв дээр төвлөрч зөвлөгөө, хичээл орсон.

Бид жил бүр тамирчид болон багш нараас тэмцээний үеийн тулгарч буй сэтгэл зүйн асуудлын талаар судалгаа авдаг. Тус судалгаанд үндэслэж, сэтгэл зүйн зөвлөгөө, хичээлээ бэлддэг гэсэн үг.

Дараагийн хөтөлбөрт тэмцээний үеийн сэтгэл зүйн байдлын талаар сургалт явуулах бөгөөд тэр үед тамирчдад нэг нэгээр нь сэтгэл зүйн зөвлөгөө өгч болно.

-Монголын залуу тамирчдыг хөгжүүлж, амжилтад хүргэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Манай улс тамирчдынхаа спортын бус хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдийг судалж, сайн хэрэгжүүлэх шаардлагатай. Манай хөтөлбөр гэхэд л жилд ердөө 10 гаруйхан тамирчинд нь хүрч байгаа нь мэдээж маш бага тоо. Харин манай салбарын төр засгийн байгууллага болох Биеийн тамир, спортын хороо, Монголын Үндэсний олимпын хороо энэ төрлийн хөтөлбөрийг цогцоор хийх бүрэн боломж бий.

Бид амжилт гаргасан тамирчиддаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, нэг удаа хүртээх шагнал, урамшуулал хүртээх гэхээс илүү цаашдын амьдралын баталгааг бий болгоход анхаарах хэрэгтэй.

Хэрэв төр засгаас тамирчдыг энэ төрлийн хөтөлбөрт хамруулах, ийм хөтөлбөр бий болгох дээр анхаарвал зөвхөн тэр тамирчин спортдоо амжилт гаргахаас гадна, олон арван чадварлаг тамирчныг бэлдэж чадах багш нарыг давхар чадваржуулж, хөгжүүлэх боломжтой. Ингэвэл урт хугацаандаа илүү сайн үр дүнгүүд бий болно гэдэгт итгэлтэй байна.

"Манай улс тамирчдынхаа амжилт гаргахад юу нөлөөлж байгааг судлах цаг болсон"
 

-Таны хувьд, манай улсын тамирчдад ямар боломжууд бий гэж харж байна вэ?

-Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд Олимпын наадмын 10 гаруй спортын төрөлд оролцож, 3-4 медаль авна гэдэг бол чамлахааргүй амжилт.

Гэхдээ олимп, дэлхийн аварга гэдгээс үл шалтгаалан олон улсын тэмцээн уралдаанд бэлтгэгдэж байгаа бүх тамирчдад бид бэлтгэлээ хийгээд сурч амжихгүй байгаа мэдлэг, мэдээллийг өгч, боломжуудыг нээн таниулбал, эргээд тэдгээр тамирчид, спортоор дамжуулж нийгэмд эерэг хандлага түгээх боломж асар их бий.

Нөгөөтээгүүр, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд хөгжүүлэхэд хувь нэмэртэй зүйлийн нэг бол яах аргагүй спорт болон урлаг.

Магадгүй спортоор хичээллэдэг хүүхэд өөрт нь тулгарч байгаа нийгмийн олон асуудлыг бэлтгэл болон өөрийгөө ялан дийлж тэмцээн уралдаанд гаргасан амжилтын сэтгэл зүйгээрээ даван туулж болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулж олон тамирчинд нөлөөлөхийг хүсэж байна. 

Ингэж чадсанаар тэдгээр тамирчдын ялалтын түүхүүдээс эхлээд нийгэмд эерэг хандлага түгээж, спорт сонирхогч хүүхэд багачуудад зөв алсын хараа, итгэл үнэмшил, боломжийг олж харах өнцгийг бий болгох болно. Энэ нь дараа, дараагийнхаа авьяаслаг тамирчдыг бий болгох суурь болно гэж бодож байна.

-Тэгвэл Монголд байдаг төрөл бүрийн спортын холбоонууд тамирчны хөгжилд хэрхэн анхаарах ёстой юм бол?

-Өнөөдрийн байдлаар Монголын Үндэсний олимпын хороонд бүртгэлтэй 78 спортын холбоо бий. Яг үндэсний шигшээ багт бүртгэлтэй 22 спортын төрлийн холбоо бий.

Уг нь тэдгээр спортын холбоо дэргэдээ тамирчны комисстой, тамирчдынхаа хөгжүүлэлтэд анхаарсан хөтөлбөртэй байх боломжтой. Гэвч тэд зөвхөн тэмцээн уралдаанд анхаараад тамирчдынхаа хөгжүүлэлтээ орхигдуулдаг нь харамсалтай. Ингэснээр эргээд шинэ, чадварлаг тамирчдыг нээн илрүүлэх процесс нь алдагдчихаад байгаа юм.

Бид тамирчны хөгжилд анхаарч, улмаар шинэ шилдэг тамирчдыг нээн илрүүлэхгүй байгаа нь алсдаа буюу магадгүй 5-10 жилийн дараа манай улс олимп болон олон улсын тэмцээнд амжилт гаргадаг маш цөөн тамирчинтай болох эсвэл огт чадварлаг, авьяаслаг тамирчингүй болох эрсдэлтэй.

Тиймээс мэргэжлийн холбоонууд хөдөө орон нутаг руу явах эсвэл ЕБС-уудад спортод сонирхолтой, алсдаа өндөр амжилт гаргах боломжтой тамирчинг хайж олж, тусад нь бэлдэх шаардлагатай.

Өндөр зэрэглэлийн тамирчдыг эрт нээх илрүүлж бэлдсэнээр бид олон улсад одоогийнхоосоо илүү амжилт гаргана гэдгийг ойлгох хэрэгтэй.

Манай тамирчид олон улсад илүү амжилт гаргаж байж, эргээд олон улсын тэмцээн уралдааныг улс орондоо зохион байгуулна. Энэ нь эдийн засгийн хувьд багахан бэрхшээлтэй ч эргээд нийгэм, эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байдаг. Тиймээс спортын холбоонууд тамирчин хөгжүүлэлтийн асуудалд зайлшгүй анхаарч, алсын хараатай байх шаардлага нэгэнт тулгарсан.

-Тэгвэл улс орны зүгээс тамирчныг хөгжүүлэх асуудалд анхаарах талаар юу хэлмээр байна вэ?

-Манай улс өндөр зэрэглэлийн тамирчныг хөгжүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлж, түүнийг нь сайжруулах хэрэгтэй.

Олон улсад үүнийг дөрвөн зүйлээр тодорхойлсон байдаг.

Үүнд,

  • Тамирчны амьдралын менежментэд анхаарах,
  • Залуу тамирчдыг эрт нээн илрүүлж, өсвөр наснаас нь бэлдэх,
  • Урт хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаарх стратеги, төлөвлөгөөг гаргах,
  • Авьяаслаг тамирчдыг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, түүнд суурилсан спортын шинжлэх ухаан, эм зүйн хөгжүүлэлтийг давхар хийдэг.

Тамирчдын бие бялдар харилцан адилгүй тул тэдгээрийн хичээллэж байгаа спортын төрлийн онцлогоос хамаарсан судалгаа, шинжилгээг хийх шаардлага олон улсад тулгардаг.

Тамирчин хөгжүүлэлт гэдэг нь тамирчинд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд буюу тамирчны хүрээлэн байгаа орчинд “эко систем”-ийг бий болгож, хувь хүнийг нь давхар хөгжүүлэхийг хэлдэг.

Улс орны хувьд, бид дан ганц тамирчны хөгжүүлэх хөтөлбөр л хийгээд байх нь хангалтгүй бөгөөд түүгээр дамжуулан дасгалжуулалт, урт хугацааны төлөвлөлт, спортын шинжлэх ухааныг давхар хөгжүүлж байж тэр цогц тамирчны хөгжүүлэлтийн менежмент болно.

Өөрөөр хэлбэл, манай улс тамирчдынхаа амжилт гаргахад юу нөлөөлж байгааг судлах цаг болсон. Түүнийг судалж, түүнд чиглэсэн төлөвлөлт стратеги гаргаж, санхүүжилт бий болгох шаардлагатай. Урт хугацаанд хэрхэн хөгжүүлэх талаарх стратеги, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй гэж бодож байна.

- Тамирчны манлайлал хөтөлбөрийг та бүхэн хэрхэн өргөжүүлж, сайжруулах гэж бодож байна?

-Манай хөтөлбөр жил бүр хэрэгжинэ. Маш олон хүн улирал бүр, сар бүр зохион байгуулж олон тамирчинд хүрээсэй гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацааны хувьд тийм боломж байхгүй. Учир нь хөтөлбөрийн судалгаа, хөгжүүлэлт чанартай бөгөөд маш сайн байж түүнээс чанартай үр дүн гарна. Үүнийг хийхэд нэлээд хугацаа шаардагддаг.

Тиймээс бид жил бүр хамгийн шилдэг гэсэн 15-18 тамирчныг сонгон шалгаруулж, тэдэнд чиглэсэн, нөлөөлөх сургалтууд явуулдаг. Тухайн тамирчдад ямар нэг чиглэлээр илтгэл тавих болсон багш нарыг хүртэл судалгаагаар хөтөлбөртөө оруулдаг гэдгийг хэлье.

Цаашид бид олон улсын их дээд сургуулиуд болон гадаадын хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллахыг зорьж байна. Ингэснээр шилдэг тамирчдаа тамирчны тэтгэлгээр гадаадад суралцуулах боломж бүрдэх юм.

-Ярилцсанд баярлалаа.

ВИДЕО: /Дөрвөн өдөр вакум орчинд үргэлжилсэн 2021 оны Тамирчдын манлайллын хөтөлбөрөөс.../