Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью Йорк хотноо хүрэлцэн очлоо

Б.Оюунчимэг, iKon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Нью Йорк хот

 - Нью-Йоркоос мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор хүрэлцэн ирлээ.

НҮБ-ын төв байранд болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтах арга хэмжээнд оролцоно.

Энэ удаагийн чуулганы хуралдааныг Мальдив улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид даргалж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

КОВИД-19 цар тахлын улмаас энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцохоор иржээ.

НҮБ-ын төв байрны гадна талбайд гадаадын төлөөлөгчид болон АНУ-ын иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгийг шинээр байгуулан, ажиллуулж эхэлж байна.