Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс АНУ, Австрали улсуудаас элчин сайдуудаа татлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа Их Британи, Австрали улсуудтай батлан хамгаалах салбарт түншлэх гэрээ байгуулсны улмаас Франц улс өчигдөр Вашингтон, Канберра дахь элчин сайдуудаа татах шийдвэр гаргажээ.

Лхагва гарагт зарласан Aukus нэртэй гэрээний хүрээнд 2016 онд байгуулсан 12 ширхэг цөмийн шумбагч хөлгийг Австралид нийлүүлэх $50 тэрбумын дүнтэй гэрээ цуцлагдаж, Францын оронд АНУ нийлүүлэгчээр тодорсон юм.

“Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчийн хүсэлтээр би АНУ, Австрали дахь элчин сайдуудтайгаа зөвлөлдөхөөр Парист дуудаж байна. Ийм онцгой шийдвэр гаргах болсон шалтгаан нь есдүгээр сарын 15-нд Австрали, АНУ-ын хийсэн хамтарсан мэдэгдэлтэй холбоотой” гэж Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрбээр шумбагч хөлөг онгоц нийлүүлэх гэрээг цуцалсан нь холбоотнуудын дунд байж боломгүй явдал төдийгүй тэдний хамтын ажиллагаа, Энэтхэг-Номхон далайн бүс дэх Европын ашиг сонирхлын эсрэг үйлдэл болсныг онцолсон байна.

АНУ, Их Британи, Австралийн шинэ түншлэл нь Францаас гадна Хятад улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа.

Гэрээг зарласны дараа Хятадын засгийн газраас гаргасан мэдэгдэлд Вашингтон, Канберрагийн эрх баригчдыг “дайн самуун” хүсэж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг эрчимжүүлж байна хэмээн шүүмжилжээ.

Франц улс нь АНУ-ын хамгийн эртний холбоотонд тооцогддог. Тус улс АНУ-ыг Их Британийн колоничлолоос чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо зарлахад нь тусламж үзүүлж байсан түүхтэй.

Францын АНУ дахь элчин сайд 1793 оноос хойш ганц ч удаа Парист дуудагдаж байгаагүй ажээ.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын уламжлалт түншүүдтэй харилцах харилцааг муутгаж, NATO-г хагаралдуулж байсан. Харин шинэ ерөнхийлөгч Жо Байден энэ байдлыг засаж, “Америк дэлхийн тавцанд эргэн ирлээ” хэмээн зарлаж байв.

Гэтэл Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан түүний бодлого Трампын үеийг санагдуулж байна хэмээн  мэдэгдсэн нь Транс Атлантын харилцаа сайжрах болоогүйг харуулж байна.

Одоогоор Цагаан ордноос Францын засгийн газрын шийдвэрийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Мэрилэнд мужид Бүгд Найрамдах Намаас сонгогдсон конгрессийн гишүүн Мэри Миллер “1780 оноос хойш бидний холбоотон байсан Франц улс элчин сайдаа татлаа” гэж твиттер хуудсандаа бичихдээ Жо Байдены “Дипломат ёс эргэн ирлээ” гэсэн жиргээг нь хавсаргажээ.

Эх сурвалж: AFP