Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Коронавируст халдвар нутагшмал байдалтай болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хуралд гавьяат эмч А.Амбасэлмаа оролцож, ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг танилцууллаа. 

Тэрбээр "Цар тахлын аюул дэлхийг хөмөрсөн. Саяхан ДЭМБ-ын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт боллоо. Энэхүү уулзалтад 40 гаруй улс оролцсон. Цахим уулзалтаар улс орон бүр өөрийн цар тахалтай тэмцэх талаар зохион байгуулж буй арга хэмжээ, ололттой талууд, туршлагаа ярилцсан. Манай улсын хувьд мөн тодорхой хэмжээний туршлагаа ярьж, цаашид хэрхэх талаар ярилцлаа.

Цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад энэ вирус ирээдүйд устах магадлал байхгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн. Халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварын үүсгэгч вирус хувиралд орох, өмнөх вирусээс илүү хоруу чанартай байх нөхцөл байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн байдлаа хангах, өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар зөвлөж байна.

Коронавируст халдвар нутагшмал байдалтай болно. Ингэсэн үед урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээгээ хэчнээн сайн авч чадна, төдий чинээ вирустэй хамтран амьдрах болно. Вакциндаа хамрагдах нь чухал. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Цоо шинэ вирусийн хувилбар гарч ирээд цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэл бий. Бид бэлэн байдлаа хангавал дараа дараагийн цар тахлыг хохирол багатай давна. Монгол Улс дэлхийн бусад оронтой адилхан явж байна.

Тандалтын судалгааг ямар ч үед хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Хэн хэзээ эрсдэлд өртөх, хэнийг хүндрэлээс сэргийлэх вэ гэдэг менежментийг чухал анхаарах нь зөв. Цар тахалтай тэмцэхэд төрийн байгууллагын манлайлал, иргэн бүрийн оролцоо чухал байна.

Төрийн зохион байгуулж буй ажил дээр ард түмний дэмжлэг хэрэгтэй. Иргэд аль болох өвдөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ халдварт өртвөл маш хурдан эмнэлгийн тусламжийг авах нь зөв. Нэгдэж байж цар тахлын ард гарна"  гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3811725585595590