Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Макс Жонсон: Д.Буянтогтохтой уулзаж, мөнгөө буцааж авах хүсэлт тавьсан боловч биднээр тохуурхаж, тун бага хувийг буцааж өгөх боломжтой гэсэн

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Eagle News телевизийн тоймч Г.Ганбаяр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой Монголд уул уурхайн төсөлд 19 сая долларын хөрөнгө оруулаад луйвардуулсан талаар нь ярилцжээ.

2016-2017 онд хөрөнгө оруулалт болох 19 сая доллароо 8-9 удаа банкаар шилжүүлж өгсөн тухайгаа тэрбээр ярилцлагын үеэр хэлсэн байна. Ингэхдээ уурхайн үйл ажиллагаанд асуудал үүссэн гэж сэжиглэж байснаас хөрөнгө оруулсан мөнгийг хууль бусаар өөр этгээдүүдэд шилжүүлж байсныг огт мэдээгүйгээ ярилцлагын үеэр хэлжээ.

Тэрбээр "GRF бол миний бизнесийн хамтрагч Саймон Муррайн үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сан. Монголын уул уурхайн салбарт ажиллах нь бизнесийн том боломж учраас 2016 онд хөрөнгө оруулсан. Анх 20 сая доллар гэж ярьж байгаад 19 сая долларын хөрөнгө оруулсан. Хуурай болон нойтон аргаар полиметалл боловсруулах төсөл байлаа. “Засаг чандмань” компанийн уурхай нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг зэс, алт, төмрийн хүдрийн орд. Энэ төсөл анх маш сайн хөрөнгө оруулалт мэт санагдаж байсан ч яваандаа асуудал үүссэн.

Төслийн гол хүн нь Д.Буянтогтох бөгөөд гүйцэтгэх захирал болон санхүү эрхэлсэн захирал нь түүний ойрын хүмүүс байсан.

Би Дашдэлэгийн Буянтогтохтой 2019 онд сүүлчийн удаа уулзсан. Тэр үед бид цагдаагийн байгууллагад хандаж, мөрдөн шалгах хүсэлт тавьсан байсан юм. 2018-2019 оны турш бараг жил гаруй Д.Буянтогтохтой холбоотой байж, хөрөнгө оруулалтаа буцааж авахыг хүссэн. Төслийг хэрэгжиж эхэлсэн эхний өдрөөс л зээлийн хүүг огт төлөөгүй нь бидний хачирхлыг төрүүлж байлаа. Түгшүүрийн дохио гэх үү дээ. Металл боловсруулах үйлдвэр огт баригдаагүй нь илэрхий баримт. Ямар нэг зүйл буруу байгаа нь нүдэнд ил байсан. Бид Д.Буянтогтохтой уулзаж, мөнгөө буцааж авах хүсэлт тавьсан боловч харамсалтай нь биднээр тохуурхаж анхны хөрөнгө оруулалтын тун бага хувийг буцааж өгөх боломжтой гэдэг хариулт сонссон. Улмаар бид хөрөнгө оруулагчийн хувиар цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж шийдсэн юм.

Цагдаагийн байгуулагад хандсанаас хойш уурхайн үйл ажиллагааг зогсоож, царцаасан учраас ямар нэг олборлолт явагдахгүй байгаа.

Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын үр дүнд олж авсан нотлох баримтдаа тулгуурлаад Д.Буянтогтохыг гадаадад зорчихыг хориглох шийдвэр гаргасан. Гэтэл Д.Буянтогтох Чингэлтэй дүүргийн шүүгч Халиун гэдэг эмэгтэйд хандаж, гадаадад зорчих хоригоо цуцлуулах шийдвэр гаргуулсан байдаг. Улмаар шүүгчийн шийдвэр гарсан тэр өдөртөө багтан хилээр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан учраас цагдаагийн байгууллага түүнийг байцаах, мэдүүлэх авахад хүндрэлтэй болсон. 

Ердөө 24 цагийн дотор гараад явчихсан. Цаг хугацааг маш нарийн тооцсон байсан. Энэ үйл явц өөрөө маш сэжигтэй, түүнийг хилээр гарах боломжоор хангасан мэт харагддаг. 

Д.Буянтогтохыг зугтсаны дараа Монголын цагдаагийн байгууллагаас баривчлах шийдвэр гарсан. Улмаар Интерполоор эрэн сурвалжилж баривчлах шийдвэр одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа" хэмээн ярив.

“Засаг чандмань” компанийн уул уурхайн төсөлд үндсэн хөрөнгө оруулалт 19 сая доллар, үүн дээр зээлийн хүү нэмэгдээд 40 сая орчим доллар болно гэдгийг тэрбээр хэлжээ. Тэдний зүгээс хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлж олж авах гэж бараг нэг сая доллар зарцуулаад байгаа аж.