Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Чинзориг: Цугларсан 2.5 тонн батарейг устгуулах төлбөр төрийн байгууллагуудад байхгүй тул одоог хүртэл устгаагүй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Техник, технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтний үүсгэх хог хаягдлын хэмжээ ихсэж, төрөл зүйл улам хор аюултай болж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг.

Үүнээс сүүлийн үед онцгой анхаарал татаж буй электрон буюу "Е" хог хаягдал юм.

Улс орон бүрд уг төрлийн хаягдал харилцан адилгүй үүсэж байгаа бөгөөд устгах, дахин боловсруулах технологи нь ч эрс ялгаатай.

Тэгвэл манай улс электрон хог хаягдлын асуудалд хэрхэн анхаардаг тухай Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Г.Чинзоригоос тодрууллаа.

-Электрон хог хаягдал гэж юуг хэлэх вэ. Энэ төрлийн хаягдлын байгаль орчинд үзүүлэх хор уршгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энгийнээр тайлбарлавал, хүмүүсийн амьдралын хэвшлээс өдөр тутамд гарч буй хог хаягдлыг дотор нь аюултай болон энгийн гэж ангилдаг.

2017 онд Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Аюултай хог хаягдлын талаар бүтэн бүлэг оруулж өгснөөр энэ төрлийн хог хаягдлыг ангилах, устгах хууль, эрх зүйн орчин бүрдсэн байдаг.

Аюултай хог хаягдлыг дотор нь шингэн, хий, хатуу гэж физик шинж чанараар нь ялгана. Хатуу хог хаягдал дотор эмнэлгийн гаралтай био хог хаягдал, цацраг идэвхт бодисын үлдэгдэлтэй цацрагийн хог хаягдал, химийн бодисын үлдэгдэлтэй химийн хорт бодисын аюултай хог хаягдал гэм мэтчилэн байдаг.

Харин аккумулятор болон бидний өдөр тутамд хэрэглэдэг батарей зэрэг нь Е буюу электрон хог хаягдалд багтана.

Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамд хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд, угаалгын машин, тоос сорогч, компьютер болон цахилгаан тоног төхөөрөмжөөс гарах хог хаягдлууд бүгд электрон хог хаягдлын төрөлд багтдаг. Эдгээр нь бүхэлдээ аюултай хог хаягдлын тоонд ордог тул заавал анхаарлаа хандуулах ёстой асуудлын нэг мөн.

Дэлхий дахинд техник хөгжихийн хэрээр электрон хог хаягдал нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад дахин боловсруулалт, устгалын асуудал хүссэн хүсээгүй шийдвэрлэх ёстой зүйлийн нэг болсон.

Яагаад аюултай хог хаягдлын тоонд орох вэ гэвэл, электрон хог хаягдлын цахилгаан дамжуулах хэсгүүдэд зэс, хөнгөн цагаан, алт зэргээс гадна бүх төрлийн химийн элементүүд орсон байдаг.

Тухайлбал, цахилгаан утасны гадна талын бүрээс л гэхэд чийгээс хамгаалагдсан химийн бромт нэгдсэн байдаг учир түүнийгээ дагаад олон хорт бодисуудыг өөртөө шингээсэн байдаг юм. Ийм найрлага нь өөрөө хүний эрүүл мэнд, байгаль орчинд асар их хор хөнөөлтэй.

Түүнчлэн хар тугалгаас эхлээд хүнд металлууд электрон хог хаягдалд шингэсэн байдаг тул нийтээр нь аюултай хог хаягдлын жагсаалтад багтааж үздэг.

-Улс орнууд энэ төрлийн хог хаягдлыг ямар технологиор дахин боловсруулдаг вэ. Манай улсад дахин боловсруулдаг эсвэл устгадаг үйлдвэр байдаг уу?

-Дэлхий дахинд электрон хог хаягдлыг дахин боловсруулах байдлаараа Япон улс тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, тус улсад энэ чиглэлийн технологи нь илүү хөгжсөн гэсэн үг.

Мөн сүүлийн үед дахин боловсруулалтын чиглэлээр БНХАУ-ын технологи түрж гарч ирж байгаа.

Харин манай улсад өнөөдрийн байдлаар электрон хог хаягдлын үнэт металл болон бусад түүхий эдийг тус тусад нь ялгаж, дахин боловсруулах үйлдвэр огт байхгүй. Гэхдээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төсөл боловсруулаад ажиллаж байгаа цөөн компани бий.

Яг цуглуулаад, дахин боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь ховор. Тиймээс энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулдаг болохын тулд бид хөрш зэргэлдээ орших орны шинжлэх ухааны ололт, технологийг нэвтрүүлэх, тэндээс суралцах шаардлага байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс электрон хог хаягдлыг дахин боловсруулахдаа ангилан ялгах, бутлах, ховор элемент болон үнэт металлуудыг нь ялгаж авах, хаягдлыг нь дахин боловсруулж бүтээгдэхүүн хийх шаардлагатай.

Ийм технологийг нэвтрүүлж, дахин боловсруулах үйлдвэр байгуулахад Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны чиглэл, бодлогод орж байгаа гэдгийг хэлье.

-Ер нь манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлд хэчнээн байгууллага ажилладаг вэ?

-Манай улс нийт хог хаягдлынхаа 80 хувийг газарт зүгээр л булж байна. Энэ нь дахин боловсруулах үйлдвэр үнэхээр шаардлагатай байгаа гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад дахин боловсруулах үйлдвэр дөнгөж хөгжих шатандаа л явж байна. 

Гэхдээ БОАЖЯ-наас хог хаягдлыг ангилан ялгах асуудалд анхаарч байгаа. Бидний тавьж байгаа шаардлага бол А цэгээс Б цэг хүртэл хаягдлыг зөөвөрлөөд шууд булдаг механизмын халахын тулд ажиллаж байна.

Гол нь хүмүүс бид хог хаягдлыг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хог хаягдлыг дахин боловсруулах 54 үйлдвэр ажиллаж байна. Түүнээс дахиварын 300 орчим цэг бий.

Гэсэн хэдий ч яг электрон хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэр байхгүй. Тийм ч болохоор энэ төрлийн хог хаягдлыг авдаг цэг одоохондоо байхгүй байгаа юм. Тиймээс электрон хог хаягдлын асуудлыг бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай.

-Тэгвэл энэ төрлийн хаягдлыг ангилан ялгах тал дээр манай улс огт анхаардаггүй гэж ойлгож болох уу?

-Гэхдээ электрон хог хаягдлыг тэр чигт нь орхичихсон асуудал биш. Хуруу зай, аккумлятороос эхлээд дахин боловсруулах чиглэлд санаа тавьж байна.

Тухайлбал, манай улсад сүүлийн үед батарей устгах асуудал чухлаар яригдах болсон. Хэдийгээр бид электрон хог хаягдлыг нэг бүрчлэн ангилж, дахин боловсруулж чадахгүй ч хуруу зай, аккумлятороосоо эхэлж дахин боловсруулалт хийх шаардлага тулгарсан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд аккумулятор боловсруулдаг гурван үйлдвэр бий. Аж ахуйн нэгжүүд хаягдал аккумуляторын хар тугалгын хайлуулсан хайлшийг "усан онгоцны тэнцүүлэгч" нэрээр экспортод гаргадаг.

Мэдээж аккумулятор дотор маш олон химийн нэгдлүүд бий. Түүнийг хэрхэн байгаль орчинд хор нөлөө багатайгаар устгах вэ гэдэг нь нарийн үйл ажиллагаатай хийгддэг зүйл. Үүнийг бодлогоор дэмжих л шаардлагатай.

-Тэгвэл батарейг ч цуглуулдаг цөөн тооны байгууллага байгаа гэсэн үг үү?

-Манай улсад Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах "Түмэн эгшиг" ХХК болон "Цэцүүх" компани зэрэг аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрөлтэй байгууллага бий.

Ер нь аюултай хог хаягдлыг үүсгэгч нь өөрөө төлбөрөө төлөөд хогоо устгуулах ёстой гэж хуульд заасан байдаг.

Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөцийн газар өмнө нь батарейг цуглуулдаг байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2.5 тонн батарей цугларчхаад байгаа. 

Гэвч түүнийг устгуулах төлбөрийг нь төлөх хөрөнгө төрийн байгууллагуудад байхгүй тул одоог хүртэл устгаагүй байна.

Ахуйн батарейд ч гэсэн олон төрлийн химийн хүнд металл, шүлт агуулдаг бөгөөд энэ нь байгаль орчинд хор хөнөөлтэйгөөс гадна,  хүний эрүүл мэндэд хор учруулж, үргүйдэлд ч хүргэх аюултай.

Батарей гэхээр ганц хуруу зайгаар төсөөлж болохгүй. Мөн үүрэн холбооны олон оператор компаниудын антенууд бүгд том оврын батарейгаар цэнэглэгддэг. Мөн сүүлийн үед Hybrid автомашины батарей олноор хаягдаж байгаа. Тэдгээрийг устгах эсвэл дахин боловсруулах нь манай улсад тулгамдсан асуудал болж байна.

Ер нь цаг үеийн нөлөөгөөр хог хаягдлыг хэрхэх нь асуудал болж гарч ирсээр байдаг. Тухайлбал өнөөдрийн байдлаар бидний өдөр тутмын хэрэглээ болсон нэг удаагийн амны хаалтыг аюултай хог хаягдал гэж хэн ч дуугарахгүй байгаа нь харамсалтай.

Цар тахлын үед зүүж буй амны хаалт бол ахуйн аюултай хог хаягдлын нэгд зүй ёсоор тооцогдоно. Үүнд ч бид анхаарлаа хандуулж, хэрхэн устгах талыг бодох шаардлага бий болж байна.

-Приус автомашины батарейг урд хөрш рүү гаргадаг тухай мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

-Приус автомашины батарей худалдаж авна гэсэн зар олон байдаг.

Гэхдээ гаалийн албан ёсны мэдээнд уг автомашины батарейг хилээр гаргадаг тухай мэдээлэл байдаггүй. Өөрөөр хэлбэл, дээрх мэдээлэл баталгаатай биш тул өөр аргаар гаргадаг байж магадгүй.

-Цаашид бид электрон хог хаягдлыг хэрхэх ёстой вэ?

-Бид электрон хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг төслийн хэмжээнд хийх боломжтой. Эсвэл цуглуулаад дахин боловсруулж чадах улс руу хил дамнуулан түүхий эд болгож гаргах арга бий.

Мөн гадаадаас оруулж ирж байгаа электрон бараануудын хаягдлыг үйлдвэрлэгч орон руу нь буцаан гаргах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Цар тахлаас хойш эдийн засгийг сэргээх хэрэгтэй энэ үед хог хаягдлыг дахин боловсруулах, тэр дундаа электрон хог хаягдлыг баялаг болгож дахин ашиглах асуудлыг төрөөс дэмжих нь чухал юм.

-Ярилцсанд баярлалаа.