Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг 20 жилийн дараа дурслаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Нью Йорк хотын Манхэттэн дүүрэгт 20 жилийн өмнө болсон террорист халдлагад амь үрэгдэгсдийг дурсах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр террористууд нисэх онгоц барьцаалж, Дэлхийн Худалдааны төвийн 110 давхар хос цамхагт халдсан юм.

Ёслолын арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар болон бусад албаны хүмүүс оролцжээ. Ихэр цамхагууд байсан газарт одоо дурсгалын усан сангууд байрладаг.

Халдлагын улмаас 2,977 хүн амь үрэгдэж, олон мянган хүн бэртэж, шархдаж, АНУ хорин жил үргэлжилсэн Афганистаны дайныг эхлүүлсэн юм.

Ёслолын арга хэмжээний үеэр амиа алдсан хүмүүсийн нэрсийг зарлаж, Брюс Спрингстин, Кэлли О Хара нар дуулж, уламжлалын дагуу улс төрчид үг хэлээгүй байна.

 

Цагаан ордноос гаргасан Байдены видео мэдэгдэлд “Бид эв нэгдэл бол хэзээ ч эвдэгдэх ёсгүй ганц зүйл гэдгийг эндээс ойлгосон юм. Есдүгээр сарын 11-нээс миний ойлгосон гол зүйл бол энэ. Америкийн хамгийн том хүч бол эв нэгдэл юм” гэж өгүүлжээ.

Америкчууд 1941 онд Японы эзэн хааны армийн Сувдан эрэгт өгсөн цохилтоос хойш өөрийн газар нутаг дээр ийм халдлага үзээгүй байсан юм. Энэ үйл явдлын дараа Америкийн дотоод улс төр, гадаад бодлого бүрэн өөрчлөгдөж байв.

2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө 8:46-аас 9:37 цагийн хооронд буюу 51 минутын хугацаанд бүх зүйл болж өнгөрсөн байдаг. Аль Кайда байгууллагын амиа золиослогчид барьцаалсан нисэх онгоцнуудаараа эхлээд Дэлхийн Худалдааны Төвийн хойд цамхагийг, дараа нь өмнөд цамхагийг, сүүлд Пентагоны байрыг мөргөх халдлага зохион байгуулжээ

Террористууд дөрөв дэх онгоцоор нийслэл Вашингтон хот руу халдах зорилготой байсан ч зорчигчид нисгэгчийн бүхээгт дайрч орсноор нислэгийг тасалдуулж, хүрэх газраасаа 20 минутын өмнө унаж осолдсон юм.

Уг онгоцны осолдсон газар нь Пеннсильвани мужийн Шэнксвилл хотын орчимд байжээ.

Жо Байден гэргийн хамт Нью Йорк хотод болсон арга хэмжээний дараа Шэнксвиллд очиж, амиа алдсан нисгэгчид, зорчигчдын нэрсийг сийлсэн дурсгалын чулуун самбарт цэцэг өргөсөн юм. Дараа нь тэр Пентагоны төв байранд болсон арга хэмжээнд оролцжээ.

 

Дэлхийн Худалдааны Төвдийн нурангийн орчим олон хоногийн турш тоос, хорт утаа дэгдсэн нь олон мянган хүнийг хорт хавдраар өвчлүүлж, амиа алдагсдын тоог 2,000 гаруйгаар нэмэгдүүлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэдхэн хоногийн өмнө Афганистаны дайныг өндөрлүүлж, алс холын улс орныг төвхнүүлэхийн төлөө олон мянган цэрэг, олон тэрбум доллар зарцуулдагаа больж, оронд нь Хятад, Орос зэрэг геополитикийн өрсөлдөгчдөд анхаарлаа хандуулах түүхэн шийдвэр гаргаж байв.

Өнгөрсөн сард хэлсэн үгэндээ Байден “Бид амин чухал нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бид одоо Хятад улстай ширүүн өрсөлдөж байгаа. Манай улс үндэстнийг сүүлийн 20 жил чиглүүлсэн гадаад бодлогын хуудсыг эргүүлэхдээ бид алдаанаасаа суралцах ёстой” гэж хэлжээ.

Гэхдээ АНУ өөрийн дайснуудтай хийх тэмцлээ дуусгаагүйг энэ үеэр сануулсан юм.

“Бид Афганистан болон бусад улс орнуудад терроризмтэй үргэлжлүүлэн тэмцэх болно. Гэхдээ газар нутагт нь очиж тулалдах шаардлагагүй болсон” гэж Байден хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press