Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Роскосмосын захирал хамт цай ууж, ярилцахаар Илон Маскийг Москва хотод урьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын сансар судлалын байгууллага Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозин анх удаа өрнөдийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Америкийн бизнесмэн Илон Маскийг урьж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр CNN сувагт өгсөн энэхүү ярилцлагадаа Маскийг мөнгөтэй хүмүүс хүн төрөлхтний ирээдүйд хөрөнгө оруулж байгаа сайн жишээ гэж магтсан байна.

Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Оросын сансар судлал зогсонги байдалд орж, төлөвлөж байсан олон ажил нь тасалдсан бөгөөд тэдгээрийн заримыг Маск боломж болгон ашигласан хэмээн Рогозин ярьжээ.

Тэрбээр Америк бизнесмэнийг гэртээ урьж, цайгаар дайлангаа сансрын аялал, харь гарагийн амьдрал, хүн төрөлхтнийг, дэлхийг яаж аврах боломжтой талаар ярилцах хүсэлтэйгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

“Би цайны халуун саваа хүртэл бэлдчихсэн” гэж Рогозин хэлжээ. Энэхүү ярилцлагыг үзсэн Илон Маск твиттер хуудсаараа Рогозинд талархаад “ямар төрлийн цайнд дуртай”-г нь асуусан байна.

Роскосмосын тэргүүн хариуд нь эмээгийнхээ дуртай энэтхэг цайны зургийг үзүүлжээ.

Өмнө нь Илон Маскийг үл тоомсорлодог байсан Рогозин 2019 оноос эхлэн илт өөрөөр хандах болсон юм. Макстай уулзах боломжийн талаар сэтгүүлчид асуухад өмнө нь Рогозин “тэр ч завгүй хүн, би ч завгүй хүн. Яах гэж урих билээ?” гэж хариулж байжээ.

Тэр бас сансрын нисгэгчдээ Оросын пуужинд дайж нисгэдэг байсан АНУ-ын засаг захиргааг ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарлахад Америкчууд “трамплин ашиглан сансарт нисвэл таарна” хэмээн егөөдөж байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today