Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит “Мон-Атом” компани "Өглөөний сонин"-оос ₮100 саяыг нэхэмжилжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн өмчит "Мон-Атом" ХХК компани "Өглөөний сонин"-оос 100 сая төгрөг шүүхээр нэхэмжилсэн талаар МСНЭ, салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, "Өглөөний сонин"-д нийтлэгдсэн "Бадрах энержи" компанийн уран олборлолттой холбоотой асуудлаар “Мон-Атом" төрийн өмчит компани иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, албаны нэр төр унагаасан гэх шалтгаанаар 100 сая төгрөг нэхэмжилсэн талаар тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Баярсайхан мэдээллийн эхэнд хэлэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлүүлэн тэрбээр "Ямар байдлаар албаны нэр төр нь унасан эсэх. Мөн яагаад 100 сая төгрөг болсон зэрэг нь тодорхойгүй байгаа. Сүүлд манай сонин сурвалжлах баг явуулж нутгийн иргэд, албаны эх сурвалжаас асуусан. "Бадрах Энержи" компанийн үйл ажиллагаа нь тасалдаж, доголдоогүй бөгөөд одоо үндсэн ордынхоо олборлолтоо эхэлчхээд байгаа юм билээ. Бид уул уурхайг эсэргүүцээгүй. Хариуцлагатай уул уурхайн талаар ярьж байна" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Хуульч Г.Балжмаа “2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр "Мон-Атом" төрийн өмчит компани "Өглөөний сонин"-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагадаа тодорхой асуудлуудыг хөндсөн.

  • "Өглөөний сонин"-ы нийтлэлд компанийн нэр анхнаасаа буруу бичигдсэн.
  • Үүсгэн байгуулагч компаниуд өөрчлөгдсөн байхад буруу мэдээлэл тараасан.
  • Уранаас болоод мал амьтанд гажиг нөлөө үзүүлж байгаа тухай эрдэмтдийн судалгаа, үе үеийн Засгийн газруудын мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан тогтоол шийдвэр гарсаар байтал манай компанийг буруутай гэж үзсэн нь хууль зөрчиж байна. Иймээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нэр төр, алдар хүндийг сэргээлгэж түүнээс учирсан гэм хорын хохирол болох 100 сая төгрөгийг нэхэмжилсэн хэмээсэн. 

Шүүх хурал нь зарлагдсан боловч одоогоор хойшилсон байгаа. Бид шүүхэд ирсэн хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй.

Энгийнээр тайлбарлавал, төрийн өмчит компани өөрөө нэр төр алдар хүндийн тухай ярих нь өрөөсгөл ойлголт. Төрийн өмчит компаниуд тэднийг толгойлж буй төр Засгийн газрын агентлагууд өөрсдөө хуулийн хүрээнд ажлаа сайн хийж байвал нэр төрийн асуудал яригдах боломжгүй.

Харин хууль зөрсөн асуудал яригдаад байгаа учраас төрийн компани байна уу эсхүл хувийн компани байна уу хамаагүй хэвлэл мэдээллийн байгууллага үзэл бодлоо илэрхийлээд баримттайгаар нийтэлж, хэвлэн нийтлэх эрхтэй эрхтэй байдаг.

Гэтэл төрийн өмчит компани ийм өчүүхэн зүйл дээр буюу өөрсдөө хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээс болсон үр дагаврыг хэвлэл мэдээллийн байгууллага бидний талаар буруу мэдээлэл нийтэд өглөө гээд 100 сая төгрөг нэхэмжлээд байвал энэ улс оронд хэн, хаана юу дуугарч болох вэ.

МСНЭ хуулийн зөвлөхтэй ажиллаад гурван болж байна. Ийм учраас “Мон-Атом” компанийн нэхэмжлэлийн шаардлагатай маргаан дээр МСНЭ-ээс өмгөөлөгч гараад ажиллаж явна” хэмээв. 

"Нийтэлж нэвтрүүлсэн долоон цуврал материал маань бүгд байгаль орчин, хүний эрхийн төлөөх асуудал. Гэтэл төрийн өмчит компани манай сониныг шүүхэд өгсөнд гайхаж байна"

“Өглөөний сонин”-ны сэтгүүлч С.Өлзийбаяр "Манай сонины нийтлэлийн бодлогод буй нэг гол зүйл нь байгаль экологийн асуудлыг хөндөж бичдэг. Энэ утгаараа 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр сониныхоо "Байгаль эх хариуцлагатай уул уурхай" буланд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үүсээд байгаа асуудлын талаар нийтлэл бичсэн. Би нийтлэлээ зохиогоогүй, нутгийн иргэдээс ирсэн мэдээлэл, эх сурвалждаа үндэслэн бичсэн. Түүнээс гадна өнгөрсөн зургаадугаар сард тус суманд очиж, сурвалжлага, нийтлэл бэлтгэсэн. Нийтэлж нэвтрүүлсэн долоон цуврал материал маань бүгд байгаль орчин, хүний эрхийн төлөөх асуудал. Түүнээс биш хэн нэгэн хувь хүн, компани руу дайрсан асуудал огт биш. Ийм байхад төрийн өмчит компани нь манай сониныг шүүхэд өгөөд, нэр төрд халдсан гэж байгааг их гайхаж байна. Энэ нь өөрөө маш ноцтой асуудал гэж бодож байна” гэв.