Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орос-Японы газар нутгийн маргаантай арлууд дээр эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай Путин ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин газар нутгийн маргаантай арлууд дээр эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

Тодруулбал Орос, Япон улсуудын хооронд маргаантай байдаг Курилын дөрвөн арлыг ингэж ашиглах тухай тэр ярьсан байна.

“Бид Курилын арлууд дээр урьд өмнө байгаагүй эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлж байна. Энд хөрөнгө оруулбал компаниуд 10 жилийн хугацаанд ашгийн, хөрөнгийн, газрын, тээврийн зэрэг татваруудаас бүрэн чөлөөлөгдөнө” гэж Путин өчигдөр Владивостокт зохион байгуулагдаж буй жил тутмын чуулганы үеэр хэлжээ.

Эдгээр хөнгөлөлтүүд Оросын болон гадаадын хөрөнгө оруулагчдад, бас Японы бизнесийн түншүүдэд үйлчлэхийг Путин онцолсон байна.

Түүний энэхүү мэдэгдэл дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр улсын хооронд үүссэн газар нутгийн маргааныг шийдвэрлэх боломжийг улам бүдгэрүүлсэн хэрэг боллоо.

Оросууд Өмнөд Курилын арлууд, япончууд Умард Газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргааныг шийдэхийн тулд Владимир Путин болон Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо нар 2012 оноос хойш өнгөрсөн оныг хүртэл хугацаанд нийтдээ 25 удаа уулзсан ч үр дүнд хүрээгүй юм.

Арлуудын маргаанаас шалтгаалан хоёр улс өнөөдрийг хүртэл дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсоор дуусгах энхийн гэрээг байгуулж чадаагүй байгаа.

1956 оны тохиролцоогоор энхийн гэрээ байгуулагдмагц Зөвлөлт Холбоот улс дөрвөн арлын хоёрыг нь Японы талд буцааж өгөх үүрэгтэй байв.

Гэвч өнгөрсөн онд Оросын парламент газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд хатуу байр суурь баримтлах хуулийг баталсан байна. Бас өнгөрсөн онд хийгдсэн ОХУ-ын үндсэн хуулийн өөрчлөлтөд Оросын газар нутгаас бусад улс оронд шилжүүлж өгөхийг хориглосон нь Японы талд хүнд цохилт болсон юм.

 

Эх сурвалж: Bloomberg