Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Баярбаясгалан: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн гэрчийн мэдүүлгийг нууцалдаг учир иргэд мэдээлэх үүрэгтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
эх сурвалж: ЦЕГ

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хэчнээн бүртгэгдсэн дуудлага бэ?

- Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл ирдэг. Өнгөрсөн хоногт л гэхэд ийм төрлийн нийт 136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 156,678 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 25,959 буюу 16.7 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 903 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 153 хэргээр буюу 20.4 хувиар өссөн үзүүлэлт. Энэ төрлийн гэмт хэргийн 56 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 56.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 816 иргэн хохирсон. Үүнээс 712 буюу 87.2 хувь нь эмэгтэй, 71 буюу 8.7 хувь нь хүүхэд байна.

Түүнээс гадна, мөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 5,896 зөрчил Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд зөрчил гаргасан 241 иргэнийг 35,500,000 төгрөгөөр торгох, 3,992 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан.

-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн иргэдийн мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалдаг вэ. Энэ талаар хуулийн зохицуулалт байдаг уу?  

-Өмнө нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэрчийн мэдээллийг задруулсан, аюулгүй байдал алдагдуулсан гэх гомдол, мэдээлэл хуулийн байгууллагад их ирдэг байсан. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш ийм гомдол дахиж бүртгэгдээгүй.

Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад гэр бүлийн хүчирхийллийг “мэдээлэгч”-ийн аюулгүй байдалд эрсдэл учирсаар байсан. Учир нь тухайн үед хүчирхийлэл үйлдсэн этгээд зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа хэн гэдэг хүнээс ямар утгатай дуудлага, мэдээлэл өгсөн талаар мэдэх боломжтой байсан юм.

Харин цагдаагийн байгууллагаас олон улсын байгууллага, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран холбогдох газруудад санал хүргүүлсний үр дүнд Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байх заалтыг хуульд тусгаж өгсөн байдаг. Ингэснээр мэдээлэл задрах асуудал нэг мөсөн арилсан.

Түүнээс гадна, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч өөрийн болон гэр бүлийн нэр хүндээ боддог, санхүүгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс хараат болсон байх эсвэл дахин хүчирхийлэлд өртөж улам их өвдөлт шаналал мэдрэх вий гэдэг айдсаасаа болж ихэвчлэн хуулийн байгууллагад хандахгүй байх нь олон. Тиймээс ихэнх тохиолдолд хүчирхийлэл урт удаан хугацаанд үргэлжилж, улам даамжирсан байдаг.

Үүнийг харгалзан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан гээд хүн бүр “мэдээлэх үүрэгтэй" хэмээн тодруулан тусгасан байдгийг онцолмоор байна.

-Хуулийн байгууллагын ажилтан гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэгчийн нууцыг задруулбал хариуцлага хүлээнэ гэсэн үг үү. Хэрэв ийм тохиолдол гарвал иргэд хаана хандаж гомдлоо гаргах ёстой вэ?

-Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд мэдээж хариуцлага хүлээнэ. Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулдаг. Үүнээс гадна зөрчил дутагдал гаргуулахгүй байх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт байнга зохион байгуулдаг.

Мөн тухайн дуудлага, мэдээллийг хэрхэн шалгаж шийдвэрлэсэн талаар нь харьяа байгууллагынх нь дарга нар өдөр тутам хяналт тавьж ажилладаг. Хэрэв цагдаагийн албан хаагч ийм зөрчил гаргасан бол иргэд тухайн алба хаагчийн ажилладаг цагдаагийн хэлтсийн даргад гомдлоо шууд гаргах бүрэн боломжтой.

-Зарим иргэний хувьд, гэр бүлийн хүчирхийллийг битгий мэдээлэх нь бусдын гэр бүлд төвөг удна гэсэн хандлагатай байдаг. Та энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч өөрийн биеэр хуулийн байгууллагад хандах тохиолдол бага байдгийг дээр дурдсан. Хохирогч хүчирхийллийг дахин амсахгүй байхын тулд, магадгүй үр хүүхдэдээ олон дахин айдас мэдрүүлэхгүйн тулд хүчирхийллийг дуугүй тэвчсээр л байдаг. Өөрийн эцэг эх, хамаатан садангаасаа ч хүчирхийлэлд өртөж байгаагаа нуух нь элбэг.

Хүчирхийлэл ийм байдлаар даамжирсаар хохирогч амь насаа алдах эсвэл хохирогчийн биед хүнд гэмтэл учрах эрсдэлтэйг иргэд санах ёстой. Иймд гэр бүлийн хүчирхийллийн урт удаан хугацааны энэ тойргийг таслан зогсоох, хохирогчийг эрт илрүүлэхийн тулд хөндлөнгийн хүний мэдээлэл хамгийн чухал.

Тиймээс иргэдэд хандаж, хэрэв хүчирхийллийг мэдсэн, харсан, сонссон бол заавал цагдаагийн байгууллагад мэдээлэхийг хүсэж байна. Таны өгсөн мэдээллийн ачаар хохирогчийн амь нас, эрүүл мэнд, тухайн гэр бүлд байгаа бүх хүүхдүүдийг аврах боломжтойг сануулъя.

-Ярилцсанд баярлалаа.