Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төв банк инфляцын огцом өсөлтийг ТҮР ЗУУРЫНХ гэж үзэж буй 5 үндэслэл

ikon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын төв банкны тэргүүн Жером Пауэлл

Дэлхийн нөлөө бүхий эдийн засагч, судлаачдын оролцдог “Жэксон Хоул”-ын жил бүрийн уулзалт өнгөрсөн 7 хоногт уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр АНУ-ын төв банкны тэргүүн Жером Пауэлл эдийн засгийн бодлогын цаашдын төлөвийн талаар цахимаар байр сууриа илэрхийлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. 

Тэрээр инфляцын огцом өсөлтийг түр зуурынх гэж үзэж буй 5 үндэслэлээ танилцуулаад цаашид бодлогын хүүг өсгөх тал дээр болгоомжтой хандана гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын төв банк 2021 онд бонд худалдан авалтын хэмжээгээ танах ч энэ нь бодлогын хүүг 0 орчимд байгаа одоогийн түвшнээс өсгөнө гэсэн үг биш гэдгийг илэрхийлсэн нь ажлын байр, эдийн засгаа үргэлжлүүлэн дэмжих шаардлагатайг харууллаа. 

Инфляцын огцом өсөлт түр зуурынх гэж үзэж буй 5 үндэслэл

1. Өргөн хүрээг хамраагүй

Одоогоор инфляц эрчтэй өсөж байгаа салбарууд нь хязгаарлагдмал бөгөөд цар тахлын үед хүнд цохилтод өртсөн зарим бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт эдийн засаг сэргэж буйн нөлөөгөөр үнийн өсөлт ажиглагдаж байгаа гэжээ. 

2. Хамгийн эрчтэй өсөлтийн мөчлөг өнгөрч байна

Өнгөрсөн зун үнэ нь огцом өссөн автомашин болон бусад удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, буурч байна. Тиймээс удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүнүүд нь цаашид инфляцыг хөөрөгдөх нөлөө үзүүлэхгүй байх төлөвтэй гэж Ж.Пауэлл онцолжээ. 

3. Цалингийн өсөлт дарамт болохгүй 

Цалин өсөж байгаа ч бүтээмжийн өсөлтийг давахааргүй байгаа нь инфляцад дарамт болохгүй гэж үзэж байна. Цаашид АНУ-ын төв банк үүнийг анхааралтай ажиглана гэж онцолжээ. 

4. Инфляцын хүлээлт хяналтад байна

Зах зээлд суурилсан болон судалгаанд суурилсан арга хэрэгслүүдээр хэмжиж үзэхэд инфляцын хүлээлт нь төв банкны зорилтот түвшинтэй нийцтэй, тогтвортой болсон бөгөөд бодит инфляц шиг эрчтэй биш байна. Өрхүүд, бизнес эрхлэгчид, зах зээлд оролцогчид өндөр инфляцыг түр зуурынх гэсэн хүлээлттэй байгааг энэ нь харуулжээ. 

5. Гадаад зах зээлээс ирэх дарамт буурав 

АНУ зэрэг хүн амын насжилт нь өсөж буй орнууд болон даяарчлал, технологийн дэвшлүүд нь дэлхий даяар бараа үйлчилгээний үнэ буурахад нөлөөлж байна. Энэ нь гэнэтийн болон огцом өөрчлөгдөх хүчин зүйлс биш гэж тодотгожээ. 

Тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ 7-р сард өмнөх оноос 5.4 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээлтийг давсан бөгөөд сүүлийн 13 жилийн дээд түвшинд байна. Вакцинжуулалт, хөл хорионы дэглэм суларсантай зэрэгцээд дэлхий даяар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээнд саад тотгор үүссэн нь ихэнх улс оронд үнийн өсөлт эрчимжих шалтгаан болж, инфляцын асуудал бодлого тодорхойлогчдын анхаарлын төвд байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters