Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны дэглэмийн дор Афган эмэгтэйчүүд эрчүүдтэй холилдолгүйгээр их сургуульд сурч болно

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Афган эмэгтэйчүүд эрчүүдээс тусдаа ангид суралцах замаар дээд боловсрол олох боломжтойг Талибаны боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Ням гарагт мэдэгджээ.

Наймдугаар сарын дундуур Афганистан улсын төрийн эрх мэдлийг гартаа авсан Талибанчууд 1990-ээд оны үед хэсэг хугацаанд засаглахдаа охид бүсгүйчүүдийн боловсрол олж авах эрхийг хориглож байсан юм.

Харин одоо дахин засгийн эрхэнд гарахдаа эмэгтэйчүүдийн эрхийг Исламын шашны хуулийн хүрээнд хамгаалахаа амлаж байгаа.

“Афганистаны ард түмэн шариатын хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүйсээр тусгаарлагдсан орчинд дээд боловсрол үргэлжлүүлэн эзэмших боломжтой” гэж Талибаны боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Баки Хаккани өчигдөр тус улсын овог отгийн тэргүүнүүдийн чуулганд оролцохдоо мэдэгджээ.

Одоо ч Афганистаны бага, дунд сургуулиудад охид, хөвгүүдийг тусгаарлан сургадаг юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд эмэгтэйчүүд их сургуульд элсэн орох явдал тус улсад эрс нэмэгдсэн байна. Ингэхдээ эрэгтэй оюутнуудтай зэрэгцэн сууж, эрэгтэй багш нараар заалгаж байжээ.

Гэвч сүүлийн саруудад Афганистаны боловсролын байгууллагуудад зэвсэгт халдлага үйлдэх явдал нэмэгдэж, хичээл сургалт хэвийн үргэлжлэх боломж нөхцөл муудаад байгаа.

Талибан хөдөлгөөнийхөн эдгээр халдлагуудыг үйлдээгүйгээ мэдэгддэг бол зарим халдлагыг Исламын Улс бүлэглэлийн орон нутгийн салбар үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байв.

Талибанчууд АНУ-ын цэргийг гарч дууссаны дараа буюу наймдугаар сарын 31-нээс хойш засгийн газраа зарлахаар төлөвлөж байна.

 

Эх сурвалж: AFP