Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах эцсийн хугацааг сунгахгүй болсноо Жо Байден зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах эцсийн хугацааг сунгахгүй болсноо тус улсын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр зарлажээ.

Өөрөөр хэлбэл сүүлчийн америк цэрэг наймдугаар сарын 31-ний өдөр Афганистанаас гарч, үүнтэй зэрэгцэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил зогсох юм.

Байден өчигдөр Афганистаны асуудлаар Их Долоогийн удирдагчидтай виртуал горимд ээлжит бусаар хуралдсаны дараа уг шийдвэрээ зарлажээ.

Хуралдаанд Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Японы удирдагчид оролцсон юм.

Энэ үеэр Байден өнөөдөр Афганистанд байх өдөр бүр улам аюултай болж байгааг холбоотнууддаа учирлан хэлсэн байна.

“Өнөөдөр Афганистанд өдөр бүрийг бид ISIS-K террорист бүлгийн заналхийлэл дор өнгөрүүлж байна. Тэд нисэх буудал, АНУ-ын болон холбоотнуудын цэрэг, энгийн номхон иргэд рүү халдахад бэлэн байна” гэж Байден хэлжээ.

ISIS-K нь Исламын Улс террорист байгууллагын Афганистан дахь салбар юм.

Афганистаныг хянаж байгаа Талибан хөдөлгөөнийхөн ч цэрэг гаргах ажиллагааг наймдугаар сарын 31-нээс хойш сунгахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Хэрвээ сунгавал аюултай үр дагаварт хүрнэ гэж анхааруулаад байгаа.

Өчигдрийн уулзалтыг зохион байгуулсан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон АНУ-ын цэргийн гарах хугацааг сунгахыг Жо Байденд уриалжээ. Их Долоогийн зарим орнуудын удирдагчид ч ийм хүсэлтэй байгаа.

Хэрвээ АНУ-ын цэрэг Афганистанаас гарвал тэдний байгуулсан дэд бүтцийг ашигладаг холбоотны цэргүүд ч гарахаас өөр аргагүй болох юм.

“АНУ-ын 6,000 гаруй цэрэг Кабулын нисэх буудалд байрлаж байгаа. Хэрвээ тэд гарвал иргэдийг нүүлгэн шилжүүлэх бидний ажиллагаа үргэлжлэх боломжгүй болж, цэргээ гаргахаас өөр аргагүй болно” гэж Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос ярьжээ.

АНУ-ын улс төрчид бас цэрэг гаргах хугацааг сунгах хүсэлтэй байгаа. Даваа гарагт АНУ-ын конгрессийн хэсэг гишүүд цэргээ гаргах хугацааг сунгах, Талибанчуудтай Кабулын нисэх буудлын талбайг өргөтгөж ашиглах талаар хэлэлцээ хийхийг Байденд уриалсан юм.

Өчигдөр Талибаны дэглэм Афганистаны иргэдийг Кабулын нисэх буудалд нэвтрүүлэхгүй болсноо зарласан нь АНУ-ын талд ажиллаж байсан иргэдийг дүрвүүлэх ажилд том бэрхшээл болсон байна.

“АНУ өөрийн иргэдийг нүүлгэн шилжүүлж болох ч Афган хүмүүсийг дүрвүүлэхийг нь одооноос хориглож байна” гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахид өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Талибанчууд ийм арга хэмжээ авахаас өмнө ч гадаадын иргэд Кабулын нисэх онгоцны буудалд хүрэхэд хэцүү байгаа талаар олон эх сурвалж мэдээлж байсан юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-ын армийн нисэх онгоцнууд Кабулаас 12,700 хүнийг нүүлгэсэн байна. Үүнээс гадна холбоотон орнуудын нисэх онгоцнууд ижил хугацаанд нийтдээ 8,900 хүнийг нүүлгэжээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойших хугацаанд АНУ-ын нүүлгэн шилжүүлсэн иргэдийн тоо нийтдээ 58,700 хүрсэн байна.

Тэдгээрээс 4,000 орчим нь АНУ-ын иргэд байжээ. Харин одоо хэдэн иргэн нь Афганистанд үлдээд байгааг Цагаан ордон мэдээлээгүй байна.

 

Эх сурвалж: Reuters