Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын иргэдийн Фэйсбүүк сүлжээнд хамгийн их уншсан мэдээ нь вакцины тухай цуурхал байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2021 оны нэгдүгээр улиралд Фэйсбүүкийн АНУ-ын зах зээлд хамгийн их тарсан мэдээ нь вакцины талаар худал цуурхал байсан тухай Нью Йорк Таймс сонинд мэдээлжээ.

Фэйсбүүк компани “Widely Viewed Content” нэртэй хамгийн их хандалттай контентуудын тайланг улирал бүр гаргадаг юм. Энэ оны хоёрдугаар улирлын тайлан саяхан гараад байгаа. Харин нэгдүгээр улирлын тайлангаа Фэйсбүүк нийтэд танилцуулахыг хойшлуулжээ.

Учир нь тухайн улиралд хамгийн их хандалттай байсан мэдээний холбоос нь коронавирусийн эсрэг вакцин тариулснаасаа хойш хоёр долоо хоногийн дараа нас барсан эмчийн тухай мэдээ байсан гэнэ.

Эмчийн үхэл вакцинтай шууд холбоотой эсэх нь батлагдаагүй ч уг мэдээг Фэйсбүүкийн хэрэглэгчид 54 сая удаа үзсэн байжээ.

Энэхүү үр дүн компанийх нь нэр хүндэд сөргөөг нөлөөлөхөөс болгоомжилсон Фэйсбүүк нэгдүгээр улирлын тайлангаа нийтэд танилцуулалгүй хойшлуулсныг Нью Йорк Таймс олж мэдээлсэн байна.

Харин Фэйсбүүк компани хойшлуулсан шалтгаанаа тайланд “зарим засвар оруулах” шаардлагатай болсон гэж тайлбарлажээ.

Сүүлийн үед Фэйсбүүк зэрэг сошиал платформуудыг худал хуурмаг мэдээлэл тархах гол хөрс болж, цар тахалтай тэмцэх үйлсэд сөргөөг нөлөөлж байна хэмээн дэлхийн улс орнуудын засгийн газрууд шүүмжилж байгаа.

Мөн зарим гадаад орнууд АНУ-ын улс төрийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаандаа Фэйсбүүк платформыг ашигладаг нь тодорхой болж, сошиал компаниудад тавих хяналтыг чангатгах асуудал Вашингтоны улс төрийн хүрээнд яригдаж байна.

 

Эх сурвалж: BBC