Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"ХСҮТ иргэдийн хөдөлгөөнийг хаасан хашаа, хаалт бариагүй. Аргаа барахдаа чингэлэг тавьсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дөрөвдүгээр эмнэлэг компанийн удирдлагууд болон ХСҮТ хоорондын газар, орц гарцтай холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад буй.

Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Хавдар судлалын үндэсний төв болон Дөрөвдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийв.

Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-аас тус газарт хандаж үйл ажиллагаанд нь саад учруулж байгаа төрийн байгууллагын үйлдлийн талаарх гомдлыг ШӨТХГ-т хүргүүлжээ.

Гомдлын дагуу ажиллахад ХСҮТ-ийн зүгээс "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдэл гаргасан гэж ШӨХТГ-аас үзжээ.

"ХСҮТ эрх ашгаа хамгаалуулах эрхтэй"

Энэ тухай ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү "Хуульд заасны дагуу ХСҮТ нь өөрийн эзэмшлийн эдлэн газрыг хилийн эргэлтийн цэгүүдэд газар дээр тэмдэглэсэн тэмдэгтээр хамгаалалтад авч бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн байгууллага.

Үүний дагуу бид анх хөрөнгө зарж барьсан хашааг Дөрөвдүгээр эмнэлэг ХХК буулгаж болохгүй. Тиймээс бид эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

Мөн ШӨХТГ-аас манай байгууллагын хашаатай холбоотой асуудалд урьдчилан сануулж байгаа үйл ажиллагаа нь тухайн байгууллагын чиг үүрэгт огтхон ч хамааралгүй.

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн аль заалтыг ХСҮТ зөрчсөн тухай тодорхой үндэслэлгүйгээр ийнхүү шаардлага тавьж байгаа нь буруу" хэмээн бодлоо хэллээ.

"Улсын өмчийн байгууллагын хашааг дур мэдэн нураах, хогийн цэгт нь хогоо асгах зөрчил үйлдэх нь буруу"

 
Гэрэл зургийг Бат-Өлзийн Бат-Эрдэнэ фэйсбүүк хуудсаас авав.

Уулзалтын үеэр ХСҮТ-ийн төлөөлөл "ХСҮТ ганцхан орц гарцтай байсан. Хэрвээ Дөрөвдүгээр эмнэлэгтэй орц гарцаа нэгтгэвэл хүний хөдөлгөөн ихтэй манай эмнэлгийн орц гарц нь дүүрч, автомашинаар дүүрч явах зайгүй болно. Түүнээс биш ХСҮТ нь иргэдийн хөдөлгөөнийг хаасан хашаа, хаалт бариагүй.

Гэвч ХСҮТ болон Дөрөвдүгээр эмнэлгийн хоорондын газар тусгаарлалтын асуудлыг буруу талаас нь олон нийтийн сүлжээнд мушгиж байгаад харамсаж байна.

Дөрөвдүгээр эмнэлэг бол ашгийн төлөөх хувийн байгууллага. Харин ХСҮТ бол ашгийн төлөө бус, иргэдэд үйлчлэх ёстой төрийн байгууллага. Бид хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй. 

ХСҮТ өмнө нь хашаагүй байхад энэ хавийн бизнес эрхлэгч, ААН-үүд болон Нарантуул захын худалдаачид автомашинаа манай хашаанд тавьж байсан нь үйлчлүүлэгчид хүндрэлтэй байсан. Үүнийг цэгцлэхийн тулд манай эмнэлэг эзэмшлийн газраа тойруулан хаалт хийж, хашаа доторхоо арай хийн тохижуулсан байхад тэр хашааг буулгасанд харамсаж байна.

Түүнээс гадна, Дөрөвдүгээр эмнэлгийн ажилчид ХСҮТ-ийн хашаанд байдаг хогийн цэгт хогоо асгадаг баримт нь бий. Тиймээс бид Дөрөвдүгээр эмнэлгээс эзэмшлийн газраа тусгаарласан хаалтыг хэвээр үлдээх нь зөв гэж үзэж байна.

Бид өвчтөнүүдийг нааш цааш орж гарах хаалгыг гаргана. Гэхдээ улсын өмчийн байгууллагын хашааг дур мэдэн нураах, улсын өмчийн байгууллагын хогийн цэгт хогоо асгах гэх мэт зөрчил үйлдэх нь буруу. Манай хашааг нураангуут бид аргаа бараад чингэлэг тавьсан. Гол нь тухайн эмнэлгийн хашаагаар дамжиж манай хашаа руу машин оруулж ирдэггүй, хогоо манай хашаанд асгадаггүй л болгох хэрэгтэй" гэв.

"Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн барилга анх дөрвөн тал руугаа орц, гарцтай байхаар баригдсан"

Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн Эмчилгээ эрхэлсэн захирал Н.Оргил "Хогны асуудалд, манай эмнэлэг хажуу талынхаа байрны СӨХ-тэй гэрээ байгуулсан бөгөөд төлбөрөө төлчихсөн. Түүнд зөвхөн ахуйн хог хаягдлаа хаяж байгаа. Одоогоор манай эмнэлэг бүрэн ажиллаж эхлээгүй байна.

Мөн бид ХСҮТ-тэй өрсөлдөнө гэсэн бодол огт байхгүй. Гэхдээ эмнэлгийн барилга анх дөрвөн тал руугаа орц гарцтай байхаар баригдсан учраас өөрчлөх аргагүй.

Манай эмнэлэгт нэгдсэн эмнэлгийн журмаар ажиллана. Энэ бүх асуудлыг бид эвээр шийдэж болно харж байна" гэв.

Харин ШӨХТГ-аас "Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-д зааснаар, үйлчилгээг нь иргэд заавал хүртдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний байгууллагыг захиргааны байгууллага гэнэ. Үүнд ХСҮТ хамаарна.

Тиймээс ХСҮТ нь ААН-ийг зах зээлд үйл ажиллагаа явуулахыг ямар нэг байдлаар хязгаарласан, хориглосон шийдвэр, үйлдэл, үйл ажиллагаа явуулж болохгүй. Энэ нь өрсөлдөөний тухай хуулиар хориотой байдаг" хэмээн тайлбарлав.

"Төрийн зүгээс хувийн хэвийн ААН-үүдийг зах зээлд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй"

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "ХСҮТ-ийг хууль зөрчсөн гэх асуудал огт яригдаагүй. ХСҮТ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчхөөс урьдчилан сэргийлж бид энд ирсэн" хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн "Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг хангалтгүй, хүнд өвчтэй иргэд их хэмжээний зардал гаргаж гадаадад эмчлүүлдэг, төр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа өнөө үед орчин үеийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг иргэдэд хямд өртгөөр хүргэхээр зорж байгаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах нь төрийн бүх шатны байгууллагын үүрэг.

Түүнчлэн төрийн зүгээс хувийн хэвийн ААН-үүдийг зах зээлд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Харин тэдгээртэй өрсөлдөх үйл ажиллагааг хясан боогдуулах, хязгаарлах ёсгүйг хатуу анхаарах нь зүйтэй.

Иймд Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа элдэв үйлдэл буюу хаалгыг нь хааж хашаа барих, контейнер байрлуулах, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулсан газрыг нэхэмжлэх зэрэг үйлдлийг даруй таслан зогсоох шаардлагатай" гэж шаардлага тавьж буй үндэслэлээ уншиж танилцуулсан юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/nationalcancercentermgl/videos/875893856674338