Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчууд дэлхийн II дайны түүхэн гэрэл зургийг дуурайсан нь Америкчуудыг бухимдууллаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Талибанчууд дэлхийн хоёрдугаар дайны үеийн түүхэн гэрэл зургийг дуурайлгасан суртал нэвтрүүлгийн зурагт хуудас интернэтэд тараасан нь олон америкчуудыг бухимдуулжээ.

Уг зурагт хуудаст АНУ-д үйлдвэрлэсэн хувцас, хэрэгсэл, зэвсэг бүхий Талибаны дайчид өөрийн далбааг мандуулж буйг харуулсан нь 1945 онд Японы Иво Жима арлын Сүрибачи уулын оройд далбаагаа мандуулж буй америк цэргүүдийг дуурайсан хэрэг байна.

Тусгай хүчнийхний хэрэглэдэг сүүлийн үеийн зэвсэг хэрэгслийг Афганистаны армиас олзолж авсан байх өндөр магадлалтай юм.

Уг гэрэл зураг олон америкчуудыг бухимдуулжээ. Ялангуяа одоогийн ерөнхийлөгч Жо Байдены бодлогыг шүүмжилдэг Бүгд Найрамдахчуудыг хамгийн ихээр бухимдуулсан байна.

“Байденыг хүртэл манай ямар ч дайсан бидний хувцас хэрэгслийг өмсөөд Иво Жимагийн тулаанд амь үрэгдсэн дайчдыг маань ингэж гутааж байсангүй. Тэр амьд болон амь үрэгдсэн бүх Америкчуудаас урвалаа” гэж Трампын засаг захиргаанд алба хашиж байсан Себастьян Горка твиттер хуудсандаа бичжээ.

Бүгд Найрамдах намын сенатор агсан Жон Маккэйны охин, телевизийн хөтлөгч Меган Маккэйн “Бид дэлхий нийтийн инээдэм наргиа болж байна” гэж бичсэн бол конгрессийн гишүүн Элиз Стефаник “Жо Байденыг дэлхий нийт энэ зургаар нь санах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Талибанчууд Афганистаныг бараг бүрэн хяналтдаа оруулаад долоо хонож байгаа. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын дэмжлэгтэй Кабулын засгийн газрын цэрэг Талибаны дайчдад бараг эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн юм.

Одоогоор Талибан хөдөлгөөн АНУ-ын армийн 2,000 гаруй Humvee хуягт машин, 40 онгоц, нисдэг тэрэг олзолсны дотор Black Hawk нисдэг тэрэг, орчин үеийн дронууд багтаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Үүнээс гадна 600,000 орчим автомат буу, 162,000 орчим харилцаа холбооны хэрэгсэл, 16,000 шөнийн дуран зэрэг явган цэргийн зэвсэг тоноглолыг Афганистаны армиас олзолсон байна.

 

Эх сурвалж: Russia Today