Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани ирэх онд хүн дүрст робот гаргахаар болсныг Илон Маск зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Tesla Bot” нэртэй хүн дүрст роботыг ирэх онд зах зээлд танилцуулахаар бэлдэж байгаагаа тэрбумтан Илон Маск өчигдөр зарлажээ.

1.7 метр өндөр, 56 кг жинтэй уг робот нь “нэгэн хэвийн давтамжтай, аюултай” ажлыг хүний өмнөөс гүйцэтгэх үүрэгтэй байхыг Тесла компанийн “AI Day” арга хэмжээний үеэр Маск хэлсэн байна.

Робот нь Тесла компанийн автомат жолоодлогын системтэй нэг ижил технологитой, ижил чиптэй зохион бүтээгдэж байгааг тэр бас мэдээлжээ.

Гэхдээ Маск өчигдрийн арга хэмжээний үеэр ямар нэг бодитой зүйл үзүүлээгүй байна. Харин туршилтын загварын оронд роботын өмсгөлтэй хүнийг бүжиглүүлж үзүүлсэн нь үзэгчдийг гайхшруулжээ.

Шинэ бүтээгдэхүүн бүрээ хэтрүүлж сурталчилдгаараа Илон Маск алдартай.

Тесла компани жолоочгүйгээр өөрөө явдаг автомат удирдлагын системийг автомашинууддаа нэвтрүүлсэн байдаг. Гэвч сүүлийн үед автомат жолоодлогын систем алдаатай ажиллаж, осол гаргасан олон тохиолдол бүртгэгдсэн тул АНУ-ын эрх баригчид шалгаж эхэлсэн юм.

“Autopilot” нэртэй энэхүү системийн ажиллагааг мөрдөн шалгах ажил энэ долоо хоногийн Даваа гарагт эхэлжээ. Шалгалтад Теслагийн үйлдвэрлэсэн 765,000 автомашиныг хамруулахаар төлөвлөсөн нь 2014 оноос хойших бараг бүх загвар гэсэн үг юм.

2018 оноос хойш Теслагийн автомат жолоодлогын системийн гаргасан 11 ослын улмаас 17 хүн бэртэж, нэг хүн амиа алдсан тухай АНУ-ын Үндэсний Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Алба мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian