Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Навальныйг суллахыг Меркель Путинтэй уулзахдаа уриалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг Германы канцлерь Ангела Меркель ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа уриалжээ.

Меркель канцлерийн хувиар сүүлчийнхээ гадаад айлчлалуудын нэгийг Москвад хийж байгаа юм. Түүний уриалга Навальныйг хордуулсан үйл явдлын нэг жилийн ойтой давхцаж байна.

“Би Оросын удирдагчид Навальныйг суллахыг уриаллаа. Түүнийг суллагдах хүртэл дахин дахин уриалсаар байна гэдгээ би тодорхой илэрхийллээ” гэж Меркель сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ.

Навальныйг улс төрийн үзэл бодлынх нь төлөө хориогүй, хууль зөрчсөн учраас хорьсон гэж Путин хариуд нь тайлбарласан байна. Тэрбээр Навальныйн нэрийг шууд хэлэхээс зайлсхийж, “яллагдагч” гэсэн үгийг ашиглаж байжээ.

“ОХУ-д хууль хүн бүрт тэгш үйлчилдэг. Авлигатай хийх тэмцлийг улс төрийн зорилгод ашиглаж болохгүй” гэж Путин хэлсэн нь Навальныйн Авлигатай Тэмцэх Сангийн үйл ажиллагааг дурдсан хэрэг байв.

Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон утсаар ярихдаа мөн Навальныйг суллахыг Путинд уриалжээ.

Өчигдөр АНУ, Их Британи улсууд Навальныйг хордуулсан хэрэгт оролцсон Оросын тусгай албаны хэд хэдэн албан тушаалтны эсрэг шинэ хориг зарласан байна.

Ирэх сард улс төрөөс зодог тайлж, канцлерийн албан тушаалаасаа буух гэж байгаа Меркель “үдэлтийн гадаад айчлал”-уудаа Москвагаас эхэлжээ. Тэр маргааш Украинд айлчилж, тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах юм.

Орос-Украины хооронд зуучлагч гол улсуудын нэг Герман. Коммунист дэглэмтэй зүүн Германд бага залуу насаа өнгөрөөсөн Меркель, зүүн Германд КГБ-ын ажилтан байсан Путин нар хоорондоо герман хэлээр харилцдаг.

Меркелийн засаглалын 16 жилийн хугацаанд хоёр орны харилцаа муудаж байсан ч тэд хэлхээ холбоогоо хадгалсаар ирсэн юм.

Жилийн өмнө Навальныйгийн эрүүл мэнд гэнэт муудаж, Германд хүргэгдэн эмчлүүлж байв. Германы лаборатори түүнийг Зөвлөлтийн үед бүтээсэн химийн бодисоор хордуулсан гэж дүгнэсэн юм. Навальныйг Берлиний эмнэлэгт эмчлүүлж байхад Меркель эргэж байжээ.

Эмчлүүлснийхээ дараа эх орондоо эргэж ирсэн Навальный одоо Москвагаас зүүн зүгт 100 км зайтай оршдог Покровын чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх төвд хоригдож байгаа.

Энэ сард шүүх түүнийг нэмж шинэ гэмт хэрэгт буруутгасан юм. Хэрвээ буруутай нь эцэслэн тогтоогдвол Навальныйгийн хоригдох хугацаа гурван жилээр сунгагдана. Өөрөөр хэлбэл тэр 2024 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрсний дараа суллагдахаар байна.

 

Эх сурвалж: AFP