Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тамирчны медалийг хазсан Нагояа хотын дарга гурван сарын цалингаасаа татгалзах санал гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадамд софтболын төрлөөр алтан медаль хүртсэн Японы эмэгтэйчүүдийн баг тамирчидтай энэ сарын эхээр уулзахдаа Нагояа хотын дарга Такаши Кавамура нэг тамирчны алтан медалийг өөртөө зүүж үзсэний дараа хазсан нь дуулиан тарьсан юм.

Тэрбээр софтболын багийн 20 настай тамирчин Миу Готогийн медалийг хазсан бөгөөд сүүлд энэ үйлдлийнхээ төлөө тамирчнаас болон Японы олон нийтээс уучлал гуйж байв.

Гэвч олон нийтийн бухимдал намжихгүй байгаа тул өчигдөр буюу Даваа гарагт Кавамура дахин хэвлэлд хандаж, гурван сарын цалингаасаа (нийт 1.5 сая иен) татгалзах саналтай байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр энэ саналаа есдүгээр сард эхлэх Нагояа хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулахаар болсон байна.

Тамирчидтай уулзах үеэрээ Кавамура бас тэдэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаад байгаа. Тухайлбал тэр “Та нарт романтик харилцаа хориотой байдаг уу?” гэж эмэгтэй тамирчдаас асуусан юм байна.

Энэ явдлын дараа бэлгийн дарамтын талаар мэдлэг боловсрол олгох сургалтад сууснаа Кавамура хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Гэхдээ тэр албан тушаалаасаа огцрох бодолгүй, “Нагояа хотын ард иргэдийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой” гэж хэлсэн байна.

Кавамурагийн хазсан медалийг Олон Улсын Олимпын Хороо өөрийн зардлаар сольж өгөхөөр болсон юм. Хотын даргын бодлогогүй үйлдэл телевизээр цацагдсаны дараа Нагояа хотын захиргаанд иргэдээс 7,000 гаруй гомдол ирж байжээ.

Готогийн тоглодог софтболын багийн эзэмшигч Тоёота Мотор компани хүртэл Кавамурагийн үйлдэлд харамсал илэрхийлж байв.

 

Эх сурвалж: Kyodo News