Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесийнхэн авлигыг бууруулах талаар төртэй хамтран ажиллана

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр ‘Business Breakfast’ буюу ажил хэрэгч өглөөний уулзалтыг зохион байгууллаа. 

Монгол улс 2020 онд авлигын индексээр таван байр ухарч, 180 улсаас 111-рт жагссан талаарх мэдээллийг Транспэрэнси Интернэшнлээс танилцуулсан билээ. 

Энэхүү үзүүлэлтийг ахиулах зорилго бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан. Ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөө болон нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход бизнес эрхлэгчдийн саналыг сонсох зорилгоор төрийн зарим байгууллагын төлөөлөл болсон ажлын хэсгийн гишүүд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнесийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл дээрх уулзалтад оролцов. 

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, ёс зүй, шударга байдлыг дэмжихэд голлох үүрэг гүйцэтгэдэг МҮХАҮТ нь бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэн хамтрал үүсгэж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг талууд хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төвөөс тус өглөөний ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулж, 60 орчим бизнесийн төлөөлөл авлигыг бууруулах талаарх өөрсдийн саналаа АТГ-ын удирдлагад хүргүүлсэн юм.

Бизнес эрхлэгчид гадны хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаа нь улам өргөжинө

 
Гэрэл зургийг mpa.mn

Уулзалтын үеэр Рио Тинто Монгол ХХК-ийн харилцаа хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Даваасүрэн "Бизнес эрхлэгчдийн өмнө тулгараад буй ёс зүйтэй холбоотой асуудал, ёс зүй яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулах, баялаг бүтээгчдэдээ тус дэмжлэг үзүүлэх Бизнесийн ёс зүйн төв байгуулагдсан. Хууль дүрэмд захирагдаад ёс зүйн дүрэмтэй болоод орхих биш энэ дүрмээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл. 

Шударга, ёс зүйтэй байх нь хамгийн зөв буюу ашигтай бизнес эрхлэх үндэс юм. Бизнесийн Ёс Зүйн Төвийн үйл ажиллагаа цаашид олон жил үргэлжилж, шударга бизнес эрхлэгч олон болж, гадны хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагддаг, гадаадын хөрөнгийн биржид гарч хөрөнгө оруулалт татдаг бизнесийн үйл ажиллагаа улам өргөжинө гэж бодож байна" гэв. 

“Бизнесийн ёс зүйн төв” өнгөрөгч тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн байгууллагатай харьцахад тулгарч буй хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс байгууллагаа болон өөрсдийгөө хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн энэ үед “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн ёс зүйн төв” өнгөрөгч тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Бизнесийн ёс зүй, шударга байдлын олон улсын мэдлэг, мэдээллээр Транспэрэнси Интернэшнл хангаж байгаа бол бизнесийн ёс зүйн тэргүүн туршлагыг хэрэгжүүлдэг Рио Тинто групп өөрсдийн туршлагаа хуваалцаж, ажлын арга барилаасаа хуваалцах юм” гэлээ.

Бизнесийн ёс зүйн төв нь 21 аймгийн салбар танхимуудаараа дамжуулж нийт гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд олон улсын жишиг болсон бизнесийн ёс зүйн стандарт, авлигын эсрэг хатуу зогсох зарчим, бусад шаардлагатай мэдээ мэдээлэл, сургалтыг тогтмол системтэйгээр хүргэхээр төлөвлөөд байна.

Мөн Авлигын эсрэг эрчимжүүлсэн төлөвлөгөө боловсруулан ажиллахад МҮХАҮТ, түүний дэргэдэх Бизнесийн Ёс зүйн төвийн зүгээс хамтран ажиллаж, гишүүн байгууллагуудаа идэвхтэй оролцуулах бүрэн боломжтойг онцоллоо.

Уулзалтад оролцогчид төрийн албаны авлига, хүнд суртал үүсгэж буй нөхцөл байдал, төрийн албаны хариуцлага, ёс зүй болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн, цаашид эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх арга хэмжээний талаар нээлттэй ярилцав.

 "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагын дэд захирал Э.Мөнхжаргал "Бид хариуцлагатай уул уурхай, шударга бизнес гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Рио Тинтогийн дэмжлэгтэй төсөл дээр авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сургалтын материалыг боловсруулж хамтран ажиллаж байна.

Авлигын индексээр урагшлуулах ажлын хэсэгт дандаа төрийн байгууллагууд орсон. Хувийн хэвшилтэй хамтарч төлөвлөгөө боловсруулж, тэдний дуу хоолойг сонсох нь чухал байна. МҮХАҮТ 5,500 гишүүнтэй бөгөөд бизнесийн томоохон байгууллага. Тиймээс энэхүү төсөлд гол үүрэг гүйцэтгэж байгаа" гэдгийг хэлэв. 

Авлигыг бууруулахад бизнес эрхлэгчдийн ёс зүй үнэтэй хувь нэмэр оруулдаг

 
Гэрэл зургийг mpa.mn

Уулзалтын төгсгөлд АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал төрийн албаны хүнд суртал, авлигыг бууруулахад бизнес эрхлэгчдийн ёс зүй үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг тодотгоод “Бизнесийн ёс зүйн төв”- ийн үйл ажиллагаа нь үүнд чухал ач холбогдолтой гүйцэтгэх болохыг онцолсон юм.

Түүнчлэн Авлигын эсрэг эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн саналыг тусган хэрэгжүүлж, дараагийн уулзалтаар тодорхой үр дүнг танилцуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.