Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ дуунаас хурдан нисэх онгоцны технологийн гол мэргэжилтнээ гадаадад урвасан хэргээр баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын шүүх өчигдөр тус улсын дуунаас хурдан нисэх онгоцны технологийн топ мэргэжилтнүүдийн нэгийг эх орноосоо урвасан хэргээр хоёр сарын хугацаатай саатуулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал Санкт Петербург хотын Дуунаас Хурдан Системийн Судалгааны Төвийн ерөнхий захирал, 73 настай Александр Курановыг баривчлан саатуулсан байна.

Тэрбээр дуунаас хурдан шинэ төрлийн нисэх онгоц бүтээх төслийг хариуцаж байжээ. “Аякс” нэртэй уг төслийг бүр Зөвлөлт Холбоот Улсын үеэс эхлэн хөгжүүлжээ.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Куранов судалгааны ажлын нууц материалаа гадаадын иргэнд дамжуулсан хэрэгт буруутгагдсан гэнэ.

 

Улс орноосоо урвасан хэргийг ОХУ-д хаалттай хаалганы цаана шүүж, 20 хүртэл жил шоронд хорих ялаар шийтгэдэг. Шүүхээс гаргасан дүрс бичлэгт амны хаалт зүүж, юүдэнтэй цамц өмссөн сэжигтнийг цагдаа нар дагуулж явааг харуулжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын хэд хэдэн эрдэмтэн, армийн албан тушаалтан нууц материал гадаадынханд дамжуулсан хэргээр шийтгэгдээд байна.

 

Эх сурвалж: Reuters