Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын тээврээр зорчигчдын тоо 80.4 хувиар буурчээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын тээврээр 2021 оны эхний хагас жилд нийт 58,112 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 238,877 зорчигчоор буюу 80.4 хувиар буурсан байна.

Олон улсад 21,735 хүн тээвэрлэсэн нь 115,707 хүн буюу 84.2 хувиар, орон нутагт 36,377 хүн тээвэрлэсэн нь 123,170 хүн буюу 77.2 хувиар тус тус буурчээ. Энэхүү бууралтад Оюутолгой, Даланзадгад чиглэлийн зорчигчид 85.2 хувь, Улаангом чиглэлийн зорчигчид 91.8 хувь, Улиастай чиглэлийн зорчигчид 89.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн болохыг ИНЕГ-аас мэдээллээ. 

Засгийн газраас энэ оны зургаадугаар сард агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргах, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авах шийдвэр гаргаад байгаа. 

Энэ хүрээнд шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.