Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс халдварын тохиолдол бус, өвчний хүндрэлийн тоон дээр үндэслэж шийдвэр гаргахаар болов

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Малайз улс цар тахлын нөхцөл байдлыг үнэлэхдээ өдөр тутам бүртгэгддэг халдварын тохиолдлын тоог ашиглахгүй болсноо зарлажээ.

Оронд нь өвчний хүндрэл, вакцинжуулалтын хурд, эрчимт эмчилгээний орны хүрэлцээ гэсэн гурван хэмжүүрээр цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, хорио цээрийн дэглэмийг тогтоож байх гэнэ.

“Насанд хүрсэн хүн амын 40 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсаны дараа халдварын шинэ тохиолдлын ач холбогдол багасах болно. Учир нь энэ үед ихэнх халдварын тохиолдол шинж тэмдэггүй, эсвэл хөнгөн хэлбэрээр илрэх юм” гэж Малайзын сангийн сайд Тэнгкү Зафрул Абдул Азиз өчигдөр мэдэгджээ.

Лхагва гарагт тус улсад халдварын 19,819 тохиолдол нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр өсөлт байв. Гэхдээ тэдгээрийн 98.1 хувьд нь халдварын шинж тэмдэг хөнгөн илрэх, эсвэл огт илрэхгүй байгааг Малайзын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Одоогоор тус улсын насанд хүрсэн хүн амын 31 хувь нь вакцины хос тунд, 62 хувь нь эхний тундаа хамрагджээ.

Цаашдаа 100,000 хүн ам тутамд ноогдох өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн хүний тоо гурав хүрсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмээ хоёрдугаар түвшнээс гуравдугаар түвшинд буулган сулруулж байхаар болсон байна.

Одоогоор тус улсын Пенган, Келантан, Теренгану, Паханг, Перак мужууд хорио цээрийн дэглэмийн хоёрдугаар түвшинд байгаа юм.

Лхагва гарагаас эхлэн Перлис, Саравак, Лабуан мужууд шинэ шалгуур үзүүлэлтээр гуравдугаар түвшинд шилжиж, эдийн засгаа идэвхжүүлэхээр болжээ.

Харин 100,000 хүн ам тутамд өвчний 1.3 хүндрэл ноогдох хэмжээнд хүрэхэд мужууд эдийн засгаа бүрэн нээх боломжтой болох юм байна.

Малайзын ихэнх мужууд энэ оны аравдугаар сарын эхээр ийм түвшинд хүрнэ гэж тус улсын засгийн газар тооцоолжээ.

 

Эх сурвалж: AFP