Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Дэлгэрхүүгийн ээж Б.Сарантуяа: Хүүгээ нууцаар усанд сэлэлтийн сургалтанд явуулдаг байлаа

A.Жаргал
2021 оны 8 сарын 5
iKon.MN
 

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн нөхөр жүжигчин Б.Золжаргал :

"Би эхнэрийгээ бурхны бэлэг гэж дуудах дуртай"

Тамирчин хүний нөхөр байна гэдэг чинь ар талын асуудлыг зохицуулаад, ар гэрээ авч явах шаардлагатай тулгардаг. Эхнэр маань хэдэн сараар байрлаж бэлтгэл хийх үе гарна. Хоол хүнс авах, гэр орноо цэвэрлэх, хүүхдээ харах гээд арын ажлуудыг би голчлон хийнэ. Эхнэр маань манай гэрийн давс хаана байдаг вэ? гэж асуух үе хүртэл гарна шүү дээ. Манай ажил одоо амарчихсан байгаа учраас би гэрийн ажлаа хийгээд, ханийгаа бэлтгэлээ тараад ороод ирэхэд нь халуун хоолтой хүлээж байхаар хичээж байна даа.

Нялх биетэй байхдаа олимпд оролцлоо гэж хүмүүс буруу ойлгоод байх шиг байна лээ. Манай хүү төрөөд 4 сартай байхад олимпийн оноо цуглуулах Азийн аваргын тэмцээнд оролцож мөнгөн медаль авч байсан. Тэр мэдээг эргэж гаргаж ирээд олимпд нялх биетэй явсан гэж буруу ойлгоод байх шиг байна. Одоо хүү маань 2 настай. Хүү маань бие томтой, өсгөлүүн. Гар, хөл нь үеийнхээ хүүхдүүдээс хамаагүй том. Сайн бөх болох болов уу гэж боддог юм. Гэхдээ том болоод өөрөө шийднэ биз ээ.

Би эхнэртэйгээ хамт гурван ч том тэмцээнд явсан. Яг тэмцээн нь эхлээд, эхнэр маань гараад ирэх мөчид аймаар их сандарна. Гар салганаад, хөлс гараад, эхэлдэг. Нэг удаа бүр Хосоо багшид загнуулаад “хол очиж суу чи, хүүхэд сандаргаад байна” гээд хөөгдөж байсан ч удаатай. Ер нь тамирчныг яг хажуугаас нь дэмжинэ гэдэг маш хэцүү. Эхнэр маань ч хэлдэг юм, хүн дэмжиж байснаас өөрөө орчихсон нь хамаагүй амар байдаг гэж.

Хүний зурсан зураг сонин шүү. Би багаасаа бөх болно, спортын хүн болно гэж боддог байсан юм. 10 жилээ төгсөөд үндэсний биеийн тамирын дээд сургуульд орох гээд такситай явж байгаад замаараа СУИС-ийг хараад гэнэт жүжигчин болчихсон. Харин эхнэр маань багаасаа шүлэг бичдэг, дуу дуулдаг, кино найруулагч хийх маш их авьяастай. Тамирчны карьераа дуусгаад кино зохиол бичнэ, найруулагч болно гэж ярьдаг. Жүжигчин, тамирчны гэр бүл гэдэг чинь нэг нь тэнд шүлэг уншиж дуу дуулаад, нэг нь тэнд дасгал, бэлтгэлээ хийгээд сууж байна шүү дээ.

Хань маань медаль авсны дайтай л оролцлоо. Ийм том тэмцээнд 4-р байр гэдэг маш том амжилт. Маш өндөр амжилт үзүүлээд Монголдоо ирж байна. Би халуун хоолыг нь бэлдээд хүлээж байна даа. Би ханийгаа бурхны бэлэг гэж дуудах дуртай. Ингээд нийт Монголынхоо тамирчдад амжилт хүсье. Амжилттай оролцоод нутагтаа ирээрэй. Олимпд оролцоно гэдэг чинь өөрөө маш том амжилт юм шүү.

 

Токио-2020 олимпийн боксын төрөлд оролцсон Б.Чинзоригийн ээж Д.Одончимэг:

Хүү маань багын л спортод дуртай, хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан. Гэхдээ боксоор биш сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан юм. 14 настайдаа анх найзыгаа дагаж боксын бэлтгэлд очиж үзээд тэр үеэсээ эргэлт буцалтгүй боксын спортод орчихсон. Тэр үед боксын тамирчид хэрхэн жингээ хасаж, ямар их тэсвэр тэвчээр гаргаж байгааг хараад энэ спортод дурласан гэсэн.

Аав бид хоёр нь бол ямар ч спортоор хичээллэсэн үргэлж дэмждэг. Тиймдээ ч боксын дугуйланд явъя гэхэд нь ерөөсөө хориглоогүй. Боксын спорт гэдэг хэцүү шүү дээ. Бэлтгэл дээр, тэмцээн дээр хамраа хугалаад, хавиргаа хугалаад, энд тэндээ шалбараад, хөхрөөд л ирнэ. Ээж хүний хувьд хүүгээ тэгж харах үнэхээр хэцүү ч зөв харж инээгээд, буруу харж уйлаад л явна. Буруу харж уйлж суусан үе зөндөө бий. Тамирчин хүн байна гэдэг тийм ч харагддаг шигээ амархан ажил биш.

Эрэгтэй ч гэлтгүй эмэгтэй хүүхдийг спортоор хичээллүүлэхэд хамгийн гол нь маш их тэсвэр хатуужил суудаг. Дээр нь хүний үг сонсож сурахаас гадна бие мах бодийн хувьд ч өв тэгш болдог. Би залуу эцэг эхчүүдэд хүүхдүүдээ бүр мэргэжлийн тамирчин болгохгүй ч ямар нэг спортоор хичээллүүлээсэй гэж хүсдэг юм.

Олимп, дэлхийн аваргад хэн дуртай нь бүртгүүлээд явчихдаг юм биш шүү дээ. Улсаасаа мундаг нь болж гарч ирээд, тив дэлхийд оноо цуглуулж байж шалгараад явдаг. Хамгийн гол нь өөрийгөө ялан дийлж байж явдаг тэмцээн юм. Тэгэхээр медаль авахгүй ч оролцсон гэдэг нь өөрөө маш том амжилт.

Тамирчин хүүтэй байхын сайхан зүйл нь хүү маань тэмцээндээ ялалт байгуулаад, амжилт гаргаад гэртээ орж ирэхийг харах нь нэгэн аз жаргал юм даа.

 

Токио-2020 олимпийн сайн дурын ажилтан-орчуулагч Г.Энх-Амар: Хуруу нь хугарчихсан байсан ч тоглоод гүйж байгаа тамирчдаа харах бахархмаар байлаа.

“Би Олимпийн наадамд сайн дурын ажилтнаар ажиллаж тэр тусмаа Орос, Монгол, Францын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багуудийн орчуулгыг хийж байна. Монголын 3x3 багийнхаа орчуулгыг олон удаа хийлээ. Яг тоглолтын ард юу болдог, ямар уур амьсгал дунд өрнөж байгааг харж байгаа миний хувьд манай охид үнэхээр дайчин юм байна лээ. Ямар ч багтай таарсан бид ялна, бид хожно гэж талбайд гардаг.

Нэг жишээ хэлэхэд Чимка (Э.Чимэддолгор) маань хуруугаа хугалаад бүр гараа дэлгэж ч чадахгүй байсан. Би яг эмч дээр очих үед нь орчуулгыг нь хийгээд явж байсан учраас сайн мэдэж байгаа хэрэг. Эмч хуруунд нь хүрэхэд л маш их зовиурлаж орилж байсан ч тоглолт эхлэх болоход зад боож аваад зүгээр тоглоод, 3-ын зайнаас оноо авч байгааг нь хараад тамирчин хүн гэж ийм хэцүү байдаг юм байна даа гэж бодож суулаа. Ер нь манай тамирчдын ялгарах онцлог нь дайчин, ширүүн, юу ч болсон ялна гэж талбайд гардаг нь санагдсан шүү. Оросын багийн тоглогч тоглолтын дараа бусад багуудаас Монгол тамирчид ялгарах онцлог нь үнэхээр дайчин, хатуу тоглодог юм байна. Хамгаалалт дээр маш хатуу, зүтгэлтэй байсан нь бидэнд тун хэцүү байлаа гэж ярьж байсан.

Монгол улс гаднынханд их сонирхолтой байх шиг байна лээ. Монгол хүн гэж ийм царайтай байдаг юм уу? Монгол хэл ямар байдаг вэ сонсож үзье гэсэн хүмүүстэй их таарч байна. Энэ удаад Монгол улс анх удаа багийн төрлөөр олимпд оролцож байгааг гаднын хэвлэлүүд их онцолж, сонирхож байгаа нь харагдаж байгаа. Жишээ нь гаднын сэтгүүлч О.Хулан-аас ярилцлага авч байгаа юм. Хулан бол маш мундаг англи хэлтэй шүү дээ. Гэтэл заавал Монгол хэлээр яриулж байх жишээтэй. Учир нь гаднынхан Монгол хэлийг сонсож үзмээр байгаа болоод тэр. Ийм тохиолдол хэд хэд гарсан.

Тамирчин хүний ямар их хүнд хэцүү байдгийг яг хажууд нь байсан учраас их мэдэрлээ. Монголынхоо нийт тамирчдадаа амжилттай оролцоод нутагтаа очоорой гэж ерөөе.

 

Токио-2020 зуны олимпд Монгол улсаас усанд сэлэлтийн төрөлд оролцож байгаа тамирчин М.Дэлгэрхүүгийн ээж Б.Сарантуяа:

“Хүү маань анх 7 настайдаа сэлж сурсан ч орхичихсон байсан юм. Ах, эгч нар нь оюутан байсан учраас санхүүгийн хувьд байнга бассейнд явуулахад хүнд байсан хэрэг. Ингээд 14 насанд хүрэхэд нь буцаад бассейнд явуулж эхэлсэн. Бассейнд явуулахгүй байхаар жоохон хүүхэд байсан юм байж “Ээж ээ, та ч ирээдүйн олимпийн аваргыг ч боож байна даа” гэж инээдэг байсан юм. Гэтэл одоо ингээд олимпд оролцоод явж байх гэж.

Жаахан хүүхэд учраас живчихнэ гэж аав нь их айдаг. Гэхдээ өөрөө усанд сэлэх маш их дуртай учраас ааваасаа нууж бэлтгэлээ хийдэг. Аавыгаа ажлаа тараад ирэхээс нь өмнө бэлтгэлийн цүнх, сэлэлтийн хувцсаа гялс нуучихдаг байсан. Ингэж л хүү минь сэлэлтийн спортоор харьцангуй орой буюу 14 насандаа хичээллэж эхэлсэн юм даа. Одоо бол аав нь маш сайн дэмжиж, бэлтгэлээ битгий таслаарай гэж байнга захидаг болжээ.

Гэрийнхэн нь тэмцээнийг нь очиж үзэхээр сандарч, биеэ барьдаг юм шиг байгаа юм. Битгий тэмцээн дээр ирээрэй гэж захина. Гэхдээ бид нар дандаа нууцаар, үзэгчдийн ард сууж тэмцээнийг нь үзсээр ирсэн. Ер нь хүүхэд юунд дуртай байна тэрийг нь маш сайн дэмжиж хөгжүүлж байх нь ээж, аав нарын хувьд маш чухал.

Олимпд түрүүлэх нь биш оролцоно гэдэг чинь маш том амжилт. Хэдий хүнд нөхцөлд бэлтгэл нь тасарч, бэлтгэлээ алдахгүй гэж Туул голд хүртэл очиж байсан ч хүү маань амжилттай оролцоод ирнэ гэдэгт ээж нь итгэж байна. Хэдий тийм ч нэгэнт оролцож байгаа юм чинь медальд хүрээсэй гэж дотроо залбирч сууна. Ингээд хүүдээ болон Монголынхоо нийт тамирчдадаа бүгдэд нь амжилт хүсэж, амжилттай оролцоод нутагтаа ирээрэй гэж ерөөе.