Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын олимпын медальтнууд их хэмжээний мөнгөн шагнал хүртэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Токио 2020 наадмаас 3 алтан медаль зүүсэн байт сурын тамирчин Ан Сан

Токио 2020 зуны олимпын наадмаас медаль хүртсэн Өмнөд Солонгосын тамирчид ямар хэмжээний мөнгөн шагнал хүртэх талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Хуулийн дагуу алтан медаль авсан тамирчид 63 сая вон ($54,800), мөнгөн медальтнууд 35 сая вон, хүрэл медальтнууд 25 сая воны мөнгөн шагналыг Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамнаасаа авах юм байна.

Багийн төрөлд түрүүлсэн тамирчид ганцаарчилсан төрлийн медальтнуудын авах шагналын 75 хувийг хүртэх ажээ.

Тухайлбал байт сурын тэмцээнээс гурван алтан медаль зүүсэн тамирчин Ан Сан нийтдээ 157.5 сая воны мөнгөн шагнал авахаар болсон байна.

Үүнээс гадна Солонгосын Спортыг Дэмжих Сан түүнд 95 сая воны мөнгөн шагнал олгохоор болжээ. 20 настай тамирчин бүсгүй энэ сараас эхлэн насан туршдаа сар бүр нэг сая воны тэтгэмж улсаас авах юм байна.

Солонгосын Байт Сурын Холбоо одоогоор хэр хэмжээний мөнгөн шагналыг Ан Санд олгохоо зарлаагүй байгаа. Тус холбоо 2016 оны Риогийн зуны олимпын наадмын шагналтнуудад нийтдээ 2.5 тэрбум воны мөнгөн шагнал олгож байжээ.

Тодруулбал ганцаарчилсан төрлийн алтан медальтан бүрт 200 сая вон, багийн төрөлд алтан медаль зүүсэн тамирчин бүрт 150 сая вон олгож байсан юм.

Эдгээрээс гадна олимпын медальтнууд хувийн компаниудтай реклам сурталчилгааны гэрээ байгуулснаар олон сая вон өвөртлөх нь тодорхой байна.

Олимпын медальтнуудад олгодог мөнгөн шагналынхаа хэмжээгээр Сингапур улс дэлхийд тэргүүлдэг. Тус улсын засгийн газар алтан медальтнуудад нэг сая сингапур доллар ($740,000), мөнгөн медальтнуудад 500,000 сингапур доллар, хүрэл медальтнуудад 250,000 сингапур долларын шагнал олгодог ажээ.

 

Эх сурвалж: Korea Times