Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Санхүүгийн Нэгдэл 2021 оны хагас жилийн тайлангаа танилцуулж байна

ikon.mn
2021 оны 7 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Хувьцаа эзэмшигч, харилцагч, түнш, хамтран зүтгэгч та бүхэндээ Ард Санхүүгийн Нэгдлийн (Ард) 2021 оны II улирлын үр дүнг тайлагнаж байгааг хүлээн авна уу.

Сүүлийн хэдэн сард цар тахлын нөхцөл байдал нэлээд хүндэрлээ. Хэдийгээр хүн амын дийлэнх нь буюу 64 хувь нь вакциныхаа I тунг, 54 хувь нь II тунг хийлгэсэн ч тохиолдлын тоо эрс өссөн хэвээр. 2021 оны эхний улиралд эдийн засаг сэргэж ДНБ 15.7 хувийн өсөлттэй гарсан боловч вакцинжуулалтын дараах COVID-19-ийн тохиолдол огцом нэмэгдсэнээс шалтгаалж II улиралд эдийн засаг эргэн унав.

 

Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 3.8 их наяд төгрөг болж, эхний улирлын 48.5 хувийн огцом өсөлтийн дараа II улиралд харьцангуй тогтвортой байна. Үнэлгээний хувьд тогтворжсон ч нийт арилжаалагдаж буй хөрөнгийн хэмжээ өсөлттэй хэвээр байсан бөгөөд 119.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 дахин их юм. Жилийн эхнээс Монголын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том ба хамгийн их арилжаалагддаг 20 компанийн нэгтгэсэн зах зээлийн үнэлгээг илтгэдэг ТОП-20 индекс 14,223.21 оноогоор буюу 73.7 хувиар өсөж 33,509 оноонд хүрчээ. Харин MSE A индекс 11.3 хувь, MSE B индекс 53.3 хувиар өссөн байна.

 

Ардын компаниудын арилжааны хэмжээ 93.7 тэрбум төгрөг болж, 2021 оны эхний хагаст Монголын үнэт цаасны зах зээлийг давамгайлан 77 хувийг эзэллээ. Товчхондоо, манай нээлттэй хувьцаат компаниуд болон хөрөнгийн зах зээлийн хооронд хүчтэй хамаарал үүсээд байна.

 

2021 оны эхний хагаст бид компанийн хувьцаагаа АрдКойны урамшуулалтайгаар олон нийт, стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох замаар 5 удаа олон нийтээс хөрөнгө босгохдоо нийт 22.6 сая АрдКойныг тараасан байна.

 

Эхний хагас жилд Ард Санхүүгийн Нэгдлийн бондын өр төлбөр 3 тэрбум төгрөгөөр буурч, 10.8 тэрбум төгрөг болсон бөгөөд эдгээр нь 1-2 жилийн хугацаатай 7.4 тэрбум төгрөгийн бонд болон 1.2 сая долларын бондоос бүрдэж байгаа юм. Бид нийт 6.6 тэрбумыг бондын эргэн төлбөрт төлсөн бол 4.5 тэрбумыг дахин санхүүжүүлсэн. Тайлант хугацаанд Ард Санхүүгийн Нэгдэл 23 тэрбум доллараар компанийн бондод хөрөнгө оруулсан бол нэгдсэн байдлаар Ардын компаниуд нийт 39.3 тэрбум төгрөгийг тогтмол өгөөжтэй хөрөнгүүдэд оруулжээ.

 

Ард Холдингсын баг хэд хэдэн томоохон шинэ гэрээ хэлэлцээрийг гүйцэтгэж, хэлэлцээрүүд маань амжилттай хийгдэж байгааг дуулгахад таатай байна.

  • Хамгийн анхны нээлттэй медиа групп компани болох ТэнГэрЛиг Медиаг бид 7 сарын 1-нд олон нийтэд танилцууллаа. Тус Группын бүрэлдэхүүн дэхь 10 гаруй компанийн 2 нь ТВ суваг.
  • 4 жил орчим хэлэлцээр өрнүүлсний эцэст ГрэйпСити Монгол болон МОСТ Финтек компаниуд манай эгнээнд нэгдлээ. Бид тэдгээр компанийг 30 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд компани тус бүрийн 45 хувийг Ард Санхүүгийн Нэгдлийн 5 хувиар буюу цэвэр хувьцааны солилцоогоор хийх  болов. Тус 2 компани хоёулаа дараагийн 12 сард багтаж нээлттэй компани болохоор ажиллаж байна.
  • Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Үнэт Цаасны Биржийг мөн эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Улаанбаатарын Үнэт Цаасны Бирж буюу UBX нэршил бүхий ребрэндингийн ажил ид дундаа явж байна.
 

Бид DAX биржийн шинэ хувилбарыг 7 сард танилцууллаа. Шинэчлэлтийн хүрээнд олон улсын харилцагчид уг биржид бүртгүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм. DAX нь жилийн эхнээс 4.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт 9 хослолоор 6 төрлийн хөрөнгийн 1.02 ихнаяд төгрөгийн арилжааг биржээрээ дамжуулан хийжээ. Уг Цахим Хөрөнгийн Бирж нь арилжааны үйлчилгээ үзүүлэхээс гадна 400 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчийнхээ 116 тэрбум төгрөгийг хянах кастодианы үйлчилгээг мөн үзүүлж байна. Биржийн үндсэн хөрөнгө болох АрдКойн нь хамгийн идэвхтэй арилжаалагддаг хөрөнгө юм.

 

4 сарын 30-нд АрдКойн Bittrex Global бирж дээр гарч, одоогоор USDT, ETH, BTC гэх хослолуудаар арилжаалагдаж байна. Үүний дараа 6 сарын 18-нд дэлхийн хамгийн том төвлөрсөн бирж болох UniSwap дээр USDT, ETH гэх хослолуудаар арилжаалагддаг болов. АрдКойныг техникийн хувьд хөгжүүлэх ажлууд үргэлжилсээр. Тухайлбал, АрдКойныг Ethereum блокчэйнээс BinanceSmartChain рүү амжилттай зөөвөрлөж, 7 сарын сүүл гэхэд бас нэгэн төвлөрсөн бирж болох PanCakeSwap дээр гаргахаар ажилллаж байна.

 

Хамгийн идэвхтэй арилжаалагдсан хослол ARDX/MNT нь биржийн нийт арилжааны дүнгийн 89 хувийг эзэлсэн бөгөөд уг хослолын өдрийн дундаж арилжааны дүн 5 тэрбум төгрөг байв. I улиралд гайхалтай өсөлт үзүүлсэн АрдКойны ханш 5 төгрөгөөс 200 орчим төгрөг дээр тогтворжсон бол II улиралд АрдКойны ханш 180 төгрөгөөс 220 төгрөгийн хооронд хэлбэлзсэн бөгөөд багадаа 145, ихдээ 475 төгрөгт хүрсэн байна.

 

6 сарын 8-нд Монгол орон даяар, 21 аймаг 330 сумдад санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээх Илгээлтийн Эзэд төслийг эхлүүлэв. Энэхүү төслийн хүрээнд оюутан залуус цалинтай дадлага хийхийн зэрэгцээ өөрийн төрөлх нутагтаа санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх 30 өдрийн 30 даалгавар биелүүлэн өрсөлдөж, алс суугаа иргэдэд Ардын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах үүрэгтэй юм. Илгээлтийн Эздийг бүс нутагт нь хуваарилахын өмнө сайтар бэлтгэн сургаж, хөтөлбөрийн бүхий л шатанд Ардын дэмжлэг үзүүлэх багаас оролцогчдыг дэмжсээр байна. Хөтөлбөрт оролцогсдыг 250 сая төгрөгийн шагналын сангаас гадна ур чадвар, авхаалж самбаагаараа шалгарсан шилдгүүдэд Ардад ажиллах боломж нээгдэх юм.

2021 оны II улиралд бид нийгмийн хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлж, юун  түрүүнд цар тахлын эсрэг тэмцэж, хамгийн эрсдэлтэй бүсэд ажиллаж буй 100 сувилагчид 100 сая төгрөгийг хуваарилж, тус бүрт 1 сая төгрөг олгосон. Мөн санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох замаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой төрийн бус байгууллага -  Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банктай хамтран ажиллаж эхлээд байна. Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ болох Санхүүг эмэгтэйчүүдийн төлөө ажиллуулах арга хэмжээний спонсороор ажиллахаар боллоо. Энэ дашрамд, манайхаас нийгмийн хариуцлагын хүрээнд нээгдэж буй томоохон ажил болох ХАСҮ буюу Хүчирхэг Ардын Сан ТББ, Монголын хамгийн том ТББ-ыг зарлаж буйдаа таатай байна. Тус Сан нь Ардын компаниудаас хандиваар нэгтгэсэн 500,000,000 АрдКойны хөрөнгөтэйгөөр эхлэх юм. Сангийн үйл ажиллагаа нь санхүүгийн боловсрол, шинэ технологи инноваци, ногоон хөгжил, байгаль орчин, хүүхэд, урлаг, спортын чиглэлийн төсөл санаачилгуудыг дэмжин ажиллах юм. 

2021 оны эхний хагас жил нь Ардын хувьд түүхэн өсөлтийн цаг үе байлаа. Зах зээл дэх давуу байр сууриа ашиглан бид хэд хэдэн томоохон хэлэлцээр, худалдан авалтыг хийж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэллээ. Түүнчлэн, оны сүүлийн хагаст шинэ бизнесүүдээ нэгтгэн, технологиудаа интеграцичилж бүгдийг нэг дор багтаасан супер аппаараа харилцагчдадаа хамгийн сайн нэгдсэн үйлчилгээ олгохоор зорьж байна.

 

Хүчтэй. Хамтдаа.

 

Гүнээ хүндэтгэж, мэхийн ёсолсон,

Ард Санхүүгийн Нэгдлийн Үүсгэн Байгуулагч, танай Гүйцэтгэх Захирал

Хутагт овогтой Чулууны Ганхуяг

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.