Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer вакцин хөхний хэмжээг томруулдаг гэх яриаг Шинэ Зеландын эрүүл мэндийн яам няцаав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг Pfizer вакцин эмэгтэйчүүдийн хөхний хэмжээг томруулдаг гэсэн мэдээллийг Шинэ Зеландын эрүүл мэндийн яам няцаажээ.

Сүүлийн үед олон эмэгтэйчүүд вакцин тариулсны дараа хөх нь томорсон тухай мэдээллийг тус улсын сошиал ертөнцөд тарааж байгаа. Энэ үзэгдлийг “Pfizer boob job” хэмээн нэрлэх болжээ.

Тухайлбал Тикток од Элл Маршалл өөрийнх нь хөхний хэмжээ A-ээс C болж нэмэгдсэн тухай өөрийн хуудсанд мэдээлснийг 1.9 сая гаруй хүн үзсэн байна.

“Pfizer вакцины нөлөөгөөр миний хөх томорсон мэт санагдаж байна. Эсвэл би хий юм хараад байна уу?”, “Pfizer вакцин хөх томруулдагийг би өөрийн туршлагаасаа мэдэж авлаа” гэх зэргээр олон эмэгтэйчүүд сошиал хуудсандаа бичицгээжээ.

Өчигдөр Шинэ Зеландын эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд Pfizer вакцин хөхний хэмжээг томруулдаг гэсэн мэдээлэл батлагдаагүй, вакцинжуулалтын дараа ийм хариу урвал илэрдэг гэх баримт олдоогүйг мэдээлсэн байна.

Зарим судлаачид вакцин тариулсны дараа тунгалагийн зангилаа цочирч, хавдсаныг эмэгтэйчүүд хөх томорсонтой андуурч байж болзошгүй гэж дүгнэжээ.

АНУ-ын зарим эмнэлгүүд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсний дараа хөхний рентген зураг авхуулахаар ирэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн тухай мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP