Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Даниил Медведев: Би хэт халууны улмаас талбай дээр амиа алдвал хэн хариуцах вэ?

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын тамирчин Даниил Медведев

Зуны олимпын наадам зохион байгуулагдаж байгаа Токио хотод маш их халуун, чийглэг өдрүүд үргэлжилж байна.

Газрын теннисний эрэгтэйчүүдийн тэмцээний гурав дахь тойрогтоо Италийн Фабио Фонинитэй өрсөлдсөн дэлхийд чансаагаараа хоёрт бичигддэг Оросын тамирчин Даниил Медведев зохион байгуулагчдад нэгэн сонирхолтой асуулт тавьсан байна.

Тэмцээнээ үргэлжлүүлж чадах эсэхийг шүүгч Карлос Рамос асуухад Медведев “Би тоглолтоо дуусгаж чадна. Гэхдээ ингэвэл үхэж магадгүй. Хэрвээ намайг үхчихвэл Олон Улсын Теннисний Холбоо хариуцлага хүлээх үү?” гэж асуужээ.

Өчигдөр бас Испанийн тамирчин Паула Бадоса хэт халууны улмаас тоглолтоо зогсоож, тэргэнцэр дээр сууж талбайгаас явсан юм.

 
Испанийн тамирчин Паула Бадоса

Тэрбээр эхний үед 6:3 харьцаатай ялагдсаны дараа эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнээ дуусгасан байна. “Би хэт халууны улмаас тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Ийм шалтгаанаар тэмцээнээ өндөрлүүлсэн нь ичмээр явдал юм. Тэмцээний эхний өдрөөс л халуун цаг агаартай зохицохыг хичээсэн. Гэвч өнөөдөр бие маань тэссэнгүй” гэж Бадоса ярьжээ.

Сүүлийн өдрүүдэд Токио хотод Цельсийн 30 хэмийг давж халж байгаа. Даниил Медведев тэмцээнийг сэрүүн үед буюу оройн цагаар зохион байгуулахыг зохион байгуулагчдаас шаардсаар байна.

Өчигдөр тэр гурав дахь тойргийн тоглолтоо үдээс өмнө хийсэн юм. “Би эхний тойргийн тоглолтын дараа ийм хүсэлт тавьсан. Цаашдаа ч давтсаар байх болно” гэж Медведев ярьжээ.

Олон Улсын Теннисний Холбоо агаарын температур Цельсийн 30 хэмийг давсан тохиолдолд 10 минутын завсарлага авах эрхийг тамирчдад олгосон байна.

1964 оны Токиогийн зуны олимпын наадмыг аравдугаар сард зохион байгуулж байсан нь зуны халуунаас зайлсхийх зорилготой байв.

Гэвч сүүлд шууд дамжуулагч телевизүүдийн шаардлагаар долоо, наймдугаар саруудад зохион байгуулдаг болжээ.

 

Эх сурвалж: CNN