Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэрэг энэ оны сүүлээр Иракаас гарахаар боллоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Цагаан ордонд Иракийн ерөнхий сайд Мустафа аль Кадхимитэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ оны сүүлээр цэргээ тус улсаас гаргахаар болсныг зарлалаа.

Одоо АНУ-ын 2,500 цэрэг Иракийн нутагт байрлаж, Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн үлдэгдэлтэй тэмцэхэд нь тусалж байгаа юм.

Энэ оны сүүлээс эхлэн зөвхөн Иракийн армийг сургах, зөвлөх зорилготой хэсэг үлдэж, харин байлдааны ажиллагаанд оролцох цэргийн хүч нь гарах гэнэ.

АНУ тэргүүтэй холбоотнууд 2003 онд бөөнөөр устгах зэвсэгтэй болсон Саддам Хуссейний дэглэмийг унагах зорилготой Иракийн дайныг эхлүүлж байв.

Гэвч сүүлдээ ийм зэвсэг Саддамын дэглэмд байхгүй нь тодорхой болсон юм. Саддамын дэглэм унасны дараа Иракт шашны урсгал хоорондын цуст дайн эхэлжээ.

Иракт энх тайвныг тогтоох олон жилийн тэмцлийн дараа 2011 онд АНУ цэргээ тус улсаас гаргаж байв. Гэвч Исламын Улс бүлэглэл хүчирхэгжсэнтэй холбоотойгоор гурван жилийн дараа Иракийн засгийн газрын хүсэлтээр дахин ирсэн юм.

Улмаар 2017 оны сүүлээр Исламын Улс бүлэглэлийн гол хүч устсан байна.

Тэр үеэс хойш АНУ-ын цэрэг Иракийн армийг Исламын Улс бүлэглэлийн үлдэгдэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байрлаж байгаа.

АНУ-ын цэрэг Иракаас гарах нь бүс нутгийн гол хүч Иран улсад давуу тал үүсгэх магадлалтайг судлаачид анхааруулж байна. Тегераны дэглэм олон жилийн турш Ойрх Дорнодын бүс нутагт нөлөөгөө тогтоохыг хичээж байгаа. Тэдний энэ зорилгод Ирак дахь АНУ-ын цэрэг хамгийн том саад болж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Ираны эрх баригчид иргэний дайныг ашиглан Сири улсад нөлөөгөө амжилттай нэмэгдүүлж, өөрийн холбоотон Хезболлах бүлгийг Ливан улс дахь хамгийн хүчирхэг байгууллага болгож чаджээ.

 

Эх сурвалж: BBC