Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирьт осолдсон онгоцны бүх зорчигч амьд гарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт ОХУ-ын Сибирийн хязгаарт 19 хүн тээвэрлэж явсан Антонов Ан-28 нисэх онгоц сураггүй алга болсон юм.

Орон нутгийн Сила Авиа компанийн эзэмшдэг уг онгоц Кедровий тосгоноос Томск хотын чиглэлд нисэж байжээ.

Сураггүй алга болсон онгоц бүтэн эргэж, элгээрээ дээш харж газардсаныг нисдэг тэрэгтэй эрлийн баг олсон байна. Сонирхолтой нь уг онгоцонд зорчиж явсан нийт 19 хүн бүгд эсэн мэнд үлдсэн тухай ОХУ-ын онцгой байдлын яам мэдээлжээ.

Хоёр долоо хоног орчмын өмнө Камчаткын хязгаарт Антонов Ан-26 нисэх онгоц осолдоход зорчиж явсан 28 хүн бүгд амь үрэгдсэн юм.

2012 онд мөн Камчаткын хязгаарт саяны осолдсон онгоцтой ижил Антонов Ан-28 загварын онгоц осолдоход, 10 хүн амь үрэгдэж байв. Тухайн үед онгоцны хоёр нисгэгч согтуу байсныг тогтоож байжээ.

Антонов загварын нисэх онгоцнууд нь Зөвлөлт Холбоот Улсын үед үйлдвэрлэгдсэн хуучин техникүүд юм. Эдгээр онгоцнуудыг Оросын алслагдсан бүс нутгуудад иргэний болон цэргийн зориулалтаар одоо ч ашигласаар байна.

 

Эх сурвалж: AFP