Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун Европт нүүрлэсэн үерийн гамшигт 120 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Урьд өмнө үзэгдээгүй их үер баруун Европын орнуудыг нэрвэсний улмаас амиа алдсан хүний тоо 120 хүрээд байна.

Сураггүй болсон хүний тоо хэдэн зуугаар тоологдож буй тул хохирлын хэмжээ цаашид өсөхөөр байгааг мэдээлжээ. Сүүлийн байдлаар Герман улсад 100 гаруй хүн, хөрш Бельги улсад 20 гаруй хүн үерт амиа алдсан нь тогтоогдоод байна.

Нидерланд, Люксембург, Швейцар улсуудад бас гол, нуурууд үерлэж эхэлжээ.

Голуудын ус савнаасаа хальж, үерлэсэнд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийг гол хүчин зүйл гэж таамаглаж байна.

Дэлхийн цаг агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн эрин эхлэх үеэс хойш даруй Цельсийн 1.5 хэмээр нэмэгдээд байгаа.

Бельгийн ерөнхий сайд Александер Де Кру долдугаар сарын 20-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

“Бид хохирлын тоог эцэслэн тогтоогоогүй байгаа ч манай улсын түүхэнд тохиосон хамгийн том үерийн гамшиг гэдэг нь тодорхой байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Бельгийн эрх баригчид хэдэн хүн сураггүй болсныг эцэслэн тогтоож чадаагүй байгаа ажээ.

Үерт нэрвэгдсэн бүс нутагт харилцаа холбооны шугам тасарсан нь үүнд нөлөөлж байна. Германы засгийн газар аврах ажиллагаанд 15,000 цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдыг дайчилжээ.

Тус улсын зарим жижиг тосгод бүхэлдээ сүйрсэн бол зөвхөн баруун Германы Ахрвейлер дүүрэгт сураггүй болсон хүний тоо 1,300 хүрсэн байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа эрс бууруулах шаардлагатай байгаа. Хэрвээ эрх баригчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол үер, ган гачиг зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж цаашдаа улам нэмэгдэх аюултайг эрдэмтэд анхааруулж байна.

 

Эх сурвалж: BBC