Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлт хүний биеийн хэмжээнд нөлөөлсөөр ирснийг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Британи, Германы эрдэмтэд олон зуун мянган жилийн турш хүний бие хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг судалж, үр дүнг нь “Nature Communications” сэтгүүлд нийтлүүлжээ.

Хүний биеийн хэмжээ хувьсан өөрчлөгдөхөд хамгийн том нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт болохыг Британийн Кэмбриджийн их сургууль, Германы Тюбингений их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна.

Тэд орчин үеийн хүний болон Неандерталь зэрэг хүний бусад төрөл зүйлүүдийн ерөнхий өвөг дээдэс болох Homo genus-аас хойших 300 гаруй олдвор дээр шинжилгээ явуулжээ.

Ингэхдээ сүүлийн нэг сая жилийн хугацаанд дэлхийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдсөн түүхтэй харьцуулан судалсан байна.

Хүйтэн, хатуу ширүүн уур амьсгал хүний биеийн хэмжээг томруулж, зөөлөн дулаан уур амьсгал жижигрүүлж байсныг судалгааны үр дүнд тогтоожээ.

“Том бие хүмүүсийг хүйтнээс хамгаалдаг бол жижиг бие халууныг тэсвэрлэхэд тусалдаг байжээ. Бусад амьтад дээр ч илэрдэг энэ шинж чанар сүүлийн сая жилийн турш хүний биеийн хэмжээнд голлон нөлөөлж байсныг бид тогтоолоо” гэж Кэмбрижийн их сургуулийн эволюцийн экологийн профессор Андреа Маника ярьсан байна.

Эрдэмтэд харин хүний тархины хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлдөг гэх ямар нэг баталгаа олоогүй гэнэ.

Homo genus-ийн эртний төрөл Homo habilis-ийн тархины хэмжээ биднийхээс гурав дахин жижиг байжээ.

“Сонирхолтой нь тархины хэмжээ агаарын температуртай ямар ч хамааралгүйг бид тогтоолоо. Биеийн болон тархины хэмжээнд өөр өөр хүчин зүйлс нөлөөлж байжээ” гэж Маника тайлбарлаж байна.

Амьдралд тулгарсан саад бэрхшээлүүд, нийгмийн харилцаа, хоол хүнсний олон төрөл, технологийн хөгжил зэрэг нь хүний тархины хэмжээг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс байсан гэж дүгнэжээ.

Харин одоо явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн биеийн хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт үүсгэхгүй гэж Маника үзэж байна.

Өөрчлөлт доод тал нь хэдэн арван мянган жилийн явцад гардагтай энэ нь холбоотой гэнэ.

Гэхдээ хүнээс бусад амьтдын биеийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж эхэлснийг тогтоосон байна.

Тухайлбал сүүлийн 40 жилийн хугацаанд Умард Америкийн нүүдлийн шувуудын бие жижгэрч, далавчны хэмжээ нь өргөсжээ. Үүнийг дэлхийн уур амьсгал дулаарч байгаатай холбоотой гэж 2019 онд нийтлэгдсэн нэгэн судалгааны тайланд дүгнэсэн байна.

2011 оны өөр нэг судалгаанд өгүүлснээр бах мэлхий, яст мэлхий, могой зэрэг хүйтэн цуст амьтдын биеийн хэмжээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц жижгэрсэн гэнэ.

Эдгээр амьтад гадаад орчноос дулааны эх үүсвэрээ олж авдаг байна. Дэлхийн уур амьсгал дулаарахын хэрээр эдгээр амьтдад гаднаас дулаан олж авахын тулд том биетэй байх шаардлагагүй болжээ.

 

Эх сурвалж: CNN