Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден: Бид Афганистанд улс байгуулж өгөх гэж ирээгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цэргээ Афганистанаас гаргах эцсийн хугацааг наашлуулж байгааг зарлажээ.

Ингэхдээ тэр Афганистанаас цэргээ гаргах болсон шийдвэрээ зөвтгөх мэдэгдэл хийсэн байна.

Байдены мэдэгдсэнээр АНУ-ын цэрэг наймдугаар сарын 31 гэхэд Афганистанаас бүрэн гарч дуусахаар болжээ. Өмнө нь тэр есдүгээр сарын 11-нийг эцсийн хугацаа гэж зарлаж байв.

АНУ-ын цэрэг гарсны дараа Афганистанд иргэний дайн дэгдэж, төрийн эрхийг исламын суурьт үзэлт Талибан хөдөлгөөнийхөн булааж авах аюул нүүрлээд байгаа.

“Бид Афганистанд ирэхдээ улс байгуулж өгөх зорилго агуулаагүй. Афганий лидерүүд ирээдүйгээ хамтдаа шийдэх ёстой” гэж Байден хэлжээ.

Байден цэрэг гаргах шийдвэрийг анх зарлаж байхдаа бараг 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг ”хэзээ ч дуусашгүй, ялах боломжгүй дайн” гэж тодорхойлж байсан юм.

“Америкийн хэдэн мянган охид хөвгүүдийг бид энэ дайнд золиослох ёстой юм бэ? Ямар нэг тодорхойгүй үр дүнд хүрэхийн тулд би Америкчуудын бас нэг үеийг Афганистаны дайнд явуулахыг зөвшөөрөхгүй” гэж тэр хэлж байв.

Байден энэ үеэр бас Талибан хөдөлгөөнд итгэхгүй байгаа ч Афганистаны засгийн газар улс орноо хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

“Бид Осама Бин Ладеныг устгах зорилтоо биелүүлсэн ч энэ бүс нутагт терроризмийг арилгаж чадсангүй” гэж Байден 20 жилийн дайныг дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press