Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн орчныг шинэчиллээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хаврын чуулган завсарлахын өмнө Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг амжиж батлав. 

Тодруулбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар баталсан юм. 

Энэ нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Тэрбээр "Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна” гэсэн юм.

"Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэл дээр хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог" хэмээн хотын дарга Д.Сумъяабазар дүгнэж хуульд энэ асуудлыг тусгасан гэж байв. 

Тэрбээр "Энэ хууль бол нийслэлчүүдэд хөгжил, дэвшил авч ирсэн, ямар нэгэн чөдөр тушаа байхгүй, хөгжлийг өргөн хүрээнд бий болгосон шинэ хууль болно гэдэгт хотын даргын хувьд маш их талархалтай байгаа. “Гаднын хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэт хүлээж авдаг газар хөгждөг” гэдэг үг байдаг.

Би Улаанбаатар хотыг тийм газар байгаасай гэж боддог. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ээлтэй, хөгжлийг уухайлж гаргаж ирсэн Азийн цагаан дагина байгаасай гэж боддог. Энэ хууль ирээдүйн Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн суурийг зөв татсан, Улаанбаатар хотыг дэлхийн хот, баялгийн сан, хуримтлалын сан болгосон хууль болно гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн хэлж байв.

Ийнхүү хууль батлагдсан тул нийслэлд засаглалын хувьд бүтцийн өөрчлөлтүүдийг хийх юм. Үүнийгээ мөн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлж байсан билээ.