Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрханы 12-17 дугаар хорооны хэрэглэгчдийн халуун усыг долдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ныг хүртэл хязгаарлана"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

24 жилийн насжилттай дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил долдугаар сарын 14-нд эхлэх талаар Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хотын Захирагчийн ажлын албанаас "Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3.3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөх, бүрэн шинэчлэх ажлыг энэ онд зохион байгуулж халаалтын улирлаас өмнө ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

8А магистраль нь анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг засварлаж шуурхай арга хэмжээ авч байсан.

Хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа процесс, яамдуудын уялдаа холбоог хангаж ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил долдугаар сарын 1-нээс эхэлж, трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлэх ажлууд хийгдээд байна. 

Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт 7 хэсгээс бүрдэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд долдугаар сарын 14-нд ажлаа эхлүүлэхтэй холбоотойгоор Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны хэрэглэгчдийн халуун усыг 2021.07.14-2021.09.16-ныг хүртэл хязгаарлах юм. Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК хийж байна" хэмээн мэдээллээ.